/2021.10.21/ “Монгол Улс- Ногоон хөгжил” НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурлын урьдчилсан хэлэлцүүлэг яг одоо Төрийн ордонд болж байна.
Хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгнээс товчлон хүргэвэл,
“Уур амьсгалын сөрөг нөлөөлөл улам эрчимжиж байна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76,9 хувь нь цөлжилтөд өртжээ. Үүнээс 45 гаруй хувь нь нэлээд хүнд нөхцөл байдалд хүрчээ. Бид хойч ирээдүй, үр хүүхдүүддээ ногоон ирээдүйг бэлэглэх нь үүрэгтэй билээ. Бид хэрхэн хамтран ажиллаж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг юу хийж чадсан бэ гэдгийг үр хойч маань шүүн тунгаах нь дамжиггүй.
Би улсынхаа Онцгой байдлын сайдын албыг хашиж байхдаа эх оронд маань тулгарч буй байгалийн гамшгууд болох ган, зуд, гал түймэр гээд бэрхшээл бүхэнтэй нүүр тулан ажиллаж ирсэн. Сүүлийн арван жилд цаг агаарын үүдэлтэй гамшигт үзэгдэл ерээд оны эхэн үетэй харьцуулахад гурав дахин өссөн байна. Энэ бүхний цаана эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, ан амьтан, хүрээлэн буй орчин хамт яригдаж байгаа юм” гэв.
Азийн хөгжлийн банкны Дэд ерөнхийлөгч Ахмад Сайид:
-Монгол Улс бол АХБ-ы нэн чухал түншүүдийн нэг юм. Уур амьсгалын өөрчлөлтийн тулгарч буй асуудлууд, цар хүрээ асар өндөр болж байна. Өнөөдрийн хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж буй нь туйлын ач холбогдолтой зөв алхам гэж харж байна.
Тодорхой боломжуудыг зөв зүйтэй алхам болгон хэрэгжүүлснээр улс орныхоо экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийг бэхжүүлэх бодитой боломж байна гэж үзэх ёстой юм. Монгол Улс бүс нутаг, дэлхий нийт уур амьсгалыг өөрчлөхөд дорвитой алхам хийж байгаад баяртай байна. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах бодлого арга хэмжээг АХБ тууштай дэмжиж ирсэн, цаашдаа ч дэмжих болно. Эрчим хүч, бэлчээрийн менежментийн зохицуулалтын асуудлаар АХБ тусгайлан дэмжиж ажиллах гэж байгаадаа баяртай байна. Монгол Улс зөвхөн хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахын тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээр хязгаарлагдахгүй, орчны бохирдол, эрчим хүчний шийдэл гээд олон талт ажиллагаа явуулдаг. Азаар Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний баялаг нөөцтэй улс юм. Сэргээгдэх эрчим хүчийг хөрш зэргэлдээ бүс нутагтаа экспортлох Монгол Улсын ажлыг тууштай дэмжин ажиллах болно. Экосистемийн эрүүл байдал хамгийн чухал. МУ-ын нийт нутаг дэвсгэрийн 82 хувийг бэлчээрийн аж ахуй эзэлдэг. Ажиллах хүчний 10 хувийг мал аж ахуйн салбар эзэлдэг. Уур амьсгалын өөрчлөлт хүний үйл ажиллагаатай холбоотойгоор ерэн оноос хойш нэлээд анхаарал татах хэмжээнд хүрсэн. Бэлчээрийн тогтвортой менежмент болон хөдөө орон нутагт паркуудыг байгуулах зэрэг олон боломжийг бий болгож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчид гүн талархлаа илэрхийлэхийг хүсэж байна. Энэ хэлэлцүүлэг нь маш цаг үеэ олсон чухал хэлэлцүүлэг юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, дэд захирал Уша Рао-Монари:
-Монгол Улс тэрбум мод тарих, ДНБ-ий 1-ээс доошгүй хувийг энэ чиглэлд чиглүүлэх зэрэг маш тодорхой үүрэг чиглэл авч ажиллаж байгаа нь маш зөв. Тэгш бус байдал, ядуурал, байгаль орчны доройтол гээд олон асуудал бидний өмнө тулгарч байна. Хүн төрөлхтөн хамтын хүчээр энэ бүгдийг даван туулж бодит үр дүнд хүрнэ. Энэ хариуцлагаас аль ч улс орон мултрах ёсгүй юм. Энэ үед Монгол Улс маш тодорхой үүрэг авч ажиллаж байгаа нь туйлын чухал.
Уур амьсгалын өөрчлөлтийн талаар гаргаж байгаа шийдвэрийн төвд нь эмэгтэйчүүд, залуус байх ёстой гэдгийг хэлье. Нэн ядууд тооцогдох хамгийн сул дорой нэг тэрбум дэлхийн хүн амын цаашдын оршин байх асуудал ч үүнээс хамаарч байгаа билээ. Тиймээс энэ үеийн томоохон асуудлыг хэлэлцэж байгаа та бүхэнд амжилт хүсье.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малон:
Монгол Улсын элс болон шороон шуурганы асуудал гээд олон асуудал байгааг хэлэх нь илүүц биз. Тиймээс бид даван туулах чадавхийг бэхжүүлэх асуудал байгаа нь ойлгомжтой. НҮБ-ын индэр дээрээс нэг тэрбум модыг тарина зэрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ Монгол Улс илэрхийлж байгаа нь тун сайшаалтай. Сэргээгдэх эрчим хүчний үнэ бидний таамаглаж байснаас ч хурдан унаж байна. Энэ нь тухайн салбарт ажиллавал нүүрснээс илүү ашигтай байх ирээдүйг харагдуулж байна. Бид хамтран зүтгэж амлалтаа хэрэгжүүлэх нь чухал байна.
Ерөнхийлөгчийн Байгаль орчны зөвлөх Ц.Пүрэвхүү:
Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь байгаль орчны, эдийн засгийн, нийгмийн, эрүүл мэндийн олон өөрчлөлтийг бий болгоно гэж бид итгэж байна.
Бид эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллаж, Ойн агентлагийг бий болгон, өмнөх түүхэн туршлаган дээрээ суурилан энэ үйл ажиллагаагаа явуулна.
Цөлжилттэй тэмцэх үйл ажиллагаагаа эдийн засгийн үйл ажиллагаатай уялдуулахад бид зорьж байна. Орон нутгийн иргэдийг чадавхжуулах, ажлын байраар хангах, ахуйн соёлын өөрчлөлтийг гаргана. Иргэд хашаандаа мод ургамал тарих нь тэдний эдийн засаг, орчинд нааштай өөрчлөлтүүдийг бий болгох юм. Ахуйн соёлыг өөрчлөхийн тулд том хэмжээний үйл ажиллагаа, тасралтгүй сургалтыг бид хангаж ажиллана.
Иргэн, аж ахуйн нэгжийн тарьсан модоор ойн сан бүрдүүлж, түүнийг улсын нэгдсэн санд бүртгэх, тарьсан модыг зах зээлийн эргэлтэд оруулж, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахад нь бодит дэмжлэг үзүүлнэ.
Хуралдаан үргэлжилж байна.