/2021.10.21/: Хотын захирагч Д.Сумъяабазар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр болон нийслэлийн холбогдох албаныхантай Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд ажиллалаа.
Тодруулбал, тус хороодод улсын сургууль, цэцэрлэг барих асуудлыг шийдвэрлэхээр нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзсэн юм.
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо нь 26 мянган хүн амтай бөгөөд 7500 нь 18 хүртэлх насны хүүхдүүд. Үүнээс цэцэрлэгийн насны 3000 орчим хүүхэд байдаг ч улсын хоёрхон цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Миний хайпермаркет”-ийн зүүн талд байрлах Тээврийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны газарт улсын цэцэрлэг байгуулахаар төлөвлөжээ.
Тус байршил нь 2011 оноос хойш Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяанд байсан бөгөөд 3500 ам метр талбай бүхий газар юм.
Харин Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нь 31 мянган хүн амтай, Улаанбаатар хотын хамгийн их оршин суугчтай, нягтаршил ихтэй бүс. Тус хорооны оршин суугчдын 16 мянга орчим нь 18 хүртэлх насны хүүхдүүд бөгөөд сургууль, цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас өөр дүүрэг, хорооны сургууль, цэцэрлэгт хамрагддаг.
Иймд “Баянмонгол” хорооллын урд, “Олимп” хотхоны ард байрлах 7500 ам метр талбай бүхий газрыг Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэн, 640 хүүхдийн сургууль барихаар төлөвлөжээ.
Ийн эхний ээлжид Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хорооны дээрх хоёр байршилд нийт 1000 орчим хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, сургууль байгуулахаар боллоо. Ингэснээр дор хаяж 1000 машины хөдөлгөөн татарна гэх тооцоолол гараад байгаа юм.
Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дүүрэгтээ ирэх онуудад бүтээн байгуулахаар төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн төслүүдийг танилцуулсан юм. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 2023-2024 онд нэг сургууль, 3-4 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөж байгаа аж. Тус сургууль, цэцэрлэгийн газрын асуудал бүрэн шийдэгдсэн бөгөөд гагцхүү төсвийн асуудлыг шийдвэрлэхэд анхааран ажиллахыг хүссэн юм. Удахгүй нийслэлийн төсвийг хэлэлцэх үеэр уг саналыг оруулан, шийдвэрлэх болно.
Тус 25, 26 дугаар хороонд барих сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтад нийслэлийн зүгээс онцгой анхаарал хандуулна. Улаанбаатар хотын хувьд газар бол хамгийн үнэ цэнтэй зүйл. Сургууль, цэцэрлэггүй хотхонууд хотод маш олон байгаа. Тиймээс Хотын даргын хувьд сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж төлөвлөөгүй нэг ч хотхоныг дахин бариулахгүй. Хүүхдэдээ, иргэндээ ээлтэй, ногоон байгууламжтай, амьдрах орчин, чанарыг сайжруулсан хот байхын төлөө бодлогоо чиглүүлнэ.
Нийслэлийн хэмжээнд 2020-2022 онд нийт 152 сургууль, цэцэрлэг барих ажил эхэлсэн бөгөөд барилгын ажил үргэлжилж байна. Хамран сургах тойргийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд нэмж 71 сургууль, цэцэрлэг барих шаардлагатай байгаа юм.
Эх сурвалж: НЗДТГ