/2021.10.18/ Эрээн хотод коронавирусийн халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, Замын-Үүд Эрээний боомтын үйл ажиллагааг хаасан. Энэ нь нарийн ногоогоо урд хөршөөсөө нийлүүлдэг манай улсад хүндээр тусаж байгаа юм.
Бид Баянзүрх худалдааны төвийн нарийн ногооны үнэ ханшийг судаллаа.
Нарийн ногооны үнэ ерөнхийдөө 2-3 дахин өсжээ. Энэ дундаас:
- Чинжүү: Өмнө нь нэг килограмм нь 7,000-8,000 төгрөг байжээ. Өчигдөр 12 мянган төгрөг байсан бол өнөөдөр 15 мянган төгрөг болжээ.
- Сармис: Нэг боодол сармис 2,500 төгрөг байсан бол өнөөдөр 3,500 төгрөг болж нэмэгдсэн байна.
- Үрлэн помидор: 7,000-8,000 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 12,000 төгрөг.
- Салатны навч: Нэг килограмм нь 18 мянган төгрөг.
- Юуцай, бууцай: Өмнө нь мөн л 7,000-8,000 төгрөгөөр худалдаалдаг байсан бол өнөөдөр 13 мянган төгрөг
Дээрх зургийг харвал дийлэнх лангуун дээр нарийн ногоо ховор байх бөгөөд түрээслэгчдэд зөвхөн өнөө маргаашийн нөөц л байгаагаа учирлан хэллээ.
Үүгээр зөрж өнгөрөх иргэд үнэ нэмэгдсэнийг гайхан шагширч байв. Өнөөдөр ногоогоо бөөний төвөөс худалдаж авч чадаагүй түрээслэгчтэй ярилцлаа.
- Лангууны сарын түрээс хэд байдаг вэ?
- Нэг лангуу нь сарын 240 мянга. Энд байгаа дийлэнх хүмүүс хоёр лангуу түрээслэдэг. 480 мянга гэсэн үг.
- Та бөөний төв рүү өглөө хэдэн цагт очсон бэ?
- Өглөө 5 цагт очсон. Түм түчигнэж бум бужигнаж байсан бөгөөд тэнд ногоо авч чадаагүй хүмүүс нь олонтаа. Биднээс өмнө ирээд авчихсан, үгүй бол захиалгын бараа л үлдсэн байсан.
- Нарийн ногоо олдохгүй байгаа үед түрээсээ яаж төлөх вэ?
- Ажилгүйчүүдийн эгнээнд л орох байх. Монголчууд хэдий нарийн ногоо тарьж ургуулдаг ч цагаа тулахаар өнөөх нь бидэнд олдохгүй, захиалгатай гэх тайлбар өгч байна. Томоохон ресторан нь түрүүлээд аваад байдаг бололтой байна.
- Үнэ нэмэгдсэн гээд иргэд нарийн ногоо худалдан авах нь буурч байна уу?
- Үгүй. Амралтын өдрүүдэд манай энэ хавиар олон хүн худалдан авалт хийсэн. Өнөөдөр харин худалдан авалт сул байна. Бусад худалдагчдад өнөө маргаашийн л нөөц үлдсэн байгаа. Цаашдаа яахаа мэдэхгүй байна.
- Баярлалаа.