Иргэд ТЭГШ ЭРХИЙГ ШААРДАЖ байна Ерөнхий сайд аа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэд ТЭГШ ЭРХИЙГ ШААРДАЖ байна Ерөнхий сайд аа

-ҮЗЭЛ БОДОЛ-

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр найз, хамтрагчаа үхлүүт болтол нь зодов. Тэр ямар ч ял хүлээсэнгүй. Цагдаагийнхан амаа үдүүлсэн мэт.

Мэдээлэл технологи, Харилцаа холбооны газрын дарга Б.Болор-Эрдэнэ цар тахлын хууль үйлчилж байгаа үед олон мянган хүнийг нэг дор цуглуулж, шоу хийв. Үүнд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр оролцов. Тэд ямар ч хариуцлага үүрсэнгүй. Харин ч Л.Оюун-Эрдэнэ “Яадын, цаашдаа ч ийм шоу хийх болно” гэв.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг талаар сэтгүүлчид эрэн сурвалжлан гаргаж, олон зуун бүсгүйчүүд батлан мэдүүлэв. Гэвч зохих албаны хэн ч энэ асуудлыг тоосонгүй. Тэрээр өдгөө УИХ-даа суусаар.

Энэ бол сүүлийн үед гарч байгаа олон тохиолдлын цөөхөн жишээ.

ГЭТЭЛ…

Энгийн иргэн Сүхбаатарын талбайд телевизийн сурвалжлагчид ярилцлага өгөв. Цагдаа хүрч очин учир шалтгааныг асууж, ээрэв. Яагаад? Цагдаа нар дээрх хэргүүдийн үед хаана байгаад, иргэдтэй “тулах” болохоороо хаанаас “урган” гарч ирээд байдаг юм бэ?

Сүхбаатарын талбай дээр No#DoubleStandart /Энэ үг нь Хууль даргад болон иргэдэд өөр өөр янзаар үйлчилж, Үндсэн хуулиар хууль хүн бүрт ижил тэгш үйлчлэх зармыг зөрчиж байгааг эсэргүүцсэн “Хоёр нүүрт стандарт” гэсэн агуулгатай/ хөдөлгөөнийхөн үзэл бодлоо илэрхийлэн, тайван жагсаал хийж байтал хэдэн арваараа өнөөх “ургадаг цагдаа” нар маань гарч ирэн, баривчлан саатуулж, энэ үйл ажиллагаа одоо ч хүртэл үргэлжилсээр байна. Хөдөлгөөнийхөн “Ямар ч мэдэгдэх хуудас, хуулийн үндэслэлгүйгээр баривчилсан, сулла” хэмээн шаардаж байгаа бол Цагдаагийн ерөнхий газраас “Иргэн Д.Монголхүүгийн хувьд талбай дээр бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан. Цагдаагийн байгууллагаас мэдэгдэл шаардлага хүргүүлсэн боловч хүлээн аваагүй. Хууль сахиулагчын шаардлагыг эсэргүүцсэн” хэмээн мэдээлсэн.

Аль нэг талд нь орох албагүй ч бусад бүх үед Эрүүгийн хууль яриагүй цагдаа нар яагаад иргэдэд болохоор Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль гэж “агсамнадаг” юм бэ?

Иргэн Д.Монголхүүд Эрүүгийн хуулийн тусгай анги /ЭХТА/ 23.1-д заасны дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээжээ. Энэ зүйл анги нь:

23.1 дүгээр зүйл.Хууль сахиулагчийг эсэргүүцэх

1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ТЭГВЭЛ,

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн дараах заалтыг яагаад ярихгүй байгаа юм бэ?

11.1 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Б.Болор-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн дараах заалтыг яагаад ярихгүй байгаа юм бэ?

15.6 дугаар зүйл.Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах

/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн, эсхүл бусдад халдаасан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Ц.Анандбазарын хэргийг мөрдөн шалгаж, Эрүүгийн хуулийн дараах заалтыг яагаад ярихгүй байгаа юм бэ?

12.1 дугаар зүйл.Хүчиндэх

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ Засгийн газрын үед тэгш бус байдал хэрээс хэтэрч, харсаар байтал иргэд рүүгээ нулимдаг болов. Энэ нь маш хортой үр дагавартай бөгөөд одоо биш, хэсэг хугацааны дараа тодоос тод илрэх болно.

Гэвч түүний хариуцлагыг бас л хэн ч үүрэхгүй. ИРГЭД ТЭГШ ЭРХ ШААРДАЖ БАЙНА Л.Оюун-Эрдэнэ ээ!

Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг:

Арван дөрөвдүгээр зүйл.

1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.

Малчдад зориулсан “гарын авлага“ гарлаа
Малчдад зориулсан “гарын авлага“ гарлаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.