Сайн дурын ажилчид өдрийн 50000₮, бензиний 20000₮ авна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайн дурын ажилчид өдрийн 50000₮, бензиний 20000₮ авна

/2021.10.05/: Цаг үеийн нөхцөл байдлын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж:

-Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” вирусийн эсрэг дархлаажуулалт амжилттай хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хүн амын 70.7 хувь нь дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан. Бид бүрэн тунгийн суурин дээр дархлаажуулалтын нэмэлт тун хийх ажлыг эхлүүлсэн.

Гуравдугаар тунд нийслэлийн хүн амын 11 хувь хамрагдаад байна. Вакцинжуулалтын цэг суурин болон явуулын байдлаар ажиллаж байгаа бөгөөд олон ажилтантай албан байгууллагууд, хэвтрийн хүмүүст гэрээр нь очиж үйлчлэх ажлыг зохион байгуулж байгаа. Гэсэн хэдий ч гуравдугаар тунгийн вакцинд хамрагдалт хангалттай биш байна.

Орны хүрэлцээний талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ:

Архаг хууч, суурь өвчтэй, таргалалттай, жирэмсэн эхчүүд хүндрэх тохиолдол нэмэгдэж байна.

Тиймээс ор хоног нэмэгдэх, эрчимт эмчилгээний болон хүчилтөрөгчийн хэрэгцээт ороор эмчлүүлэх шаардлага гарч байна. Халдвар авсан иргэд хэвтэн эмчлүүлэх асуудал нийслэлийн хэмжээнд тулгамдсан асуудал болоод байгаа. Өнгөрсөн долоо хоногоос УОК-т дүүрэг бүрээс төлөөлөл оролцсон, ор зохицуулах шуурхай Ажлын хэсэг ажиллаж эхэлсэн.

Улаанбаатар хотын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 48 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага ор дэлгэн ажиллаж байгаа. Эдгээр байгууллага өмнө нь өөрсдөө өвчтөнөө хэвтүүлэх, гаргах ажлыг зохион байгуулж байсан бол нэгдсэн зохион байгуулалт хийснээр өндөр эрсдэлтэй, хүнд, хүндэвтэр оноштой иргэд эмнэлэгт хэвтэж чадахгүй байх, ор хүлээж цаг алдах асуудлыг шийдвэрлэж чадсан.

Тандалт, хариу арга хэмжээний багийнхан иргэдийг улаан болон улбар шар, шар, ногоон гэсэн дөрвөн хэсэгт эрэмбэлэн, улаан, улбар шар эрэмбэд орсон иргэдээ ор зохицуулалтын нэгдсэн удирдлагын төвөөр дамжуулж эмнэлэгт хэвтүүлж байна.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд улаан буюу нэн хүнд эрэмбээс 710 хүн, улбар шар буюу эмнэлэгт хэвтэх шаардлагатай эрэмбээс 954 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Өдөрт дунджаар улаан эрэмбийн 120 хүн, улбар шар эрэмбийн 160 хүн эмнэлэгт хэвтсэн байна.

Сайн дурын ажилчдын бүртгэл, цалин хөлс

Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, халдварын эсрэг хариу арга хэмжээний үед дэмжлэгт удирдлагаар хангах ажлын хүрээнд 1.2 тэрбум төгрөгийн асуудлыг шийдсэн. ӨЭМТ-үүд тухайн хороонд 300 хүртэлх тохиолдол бүртгэгдсэн нөхцөлд өөрсдийн нөөц бололцоогоор хяналт, гэрийн ажиглалт хийн ажиллаж байгаа. Харин 300-гаас дээш тохиолдол бүртгэгдвэл бид нэмэлт баг гарган ажиллуулж байна.

Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх, Баянгол дүүргүүд ачаалалтай байлаа. Бид сайн дурын ажилчид болон өөрийн машинтай иргэдийг тандалт, хариу арга хэмжээний багт ажиллахыг уриалснаар 550 гаруй хүн бүртгүүлээд байна. Эдгээр хүнээс одоогийн байдлаар 45 хүнтэй гэрээ хийн, ажилд нь оруулсан. Сайн дурын ажилчид өдөрт 50 мянган төгрөгийн цалин, 20 мянган төгрөгийн шатахууны дэмжлэг авна.

Эдгээр иргэний машины элэгдэл, халдваргүйтгэл хийх зэрэг асуудал бий. Энэ ажлын байр халдвар авах эрсдэлтэй. Гэсэн хэдий ч иргэд маань нийгмийн сайн сайхны төлөө хувийн унаагаараа ажиллаж байгаад талархаж байна.

Хариу арга хэмжээний баг

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид халдварын эсрэг хариу арга хэмжээний багийн үйл ажиллагаанд оролцож байна. Эмнэлгийн бус мэргэжлийн 910 ажлын байр байгааг бид өмнө нь мэдээлсэн. Төрийн албан хаагчид хариу арга хэмжээний багт ажиллаж, ажлын ачааллаас хуваалцаж байгаад дүүргийн болон ӨЭМТ-ийн ажилчид талархалтай байгаа. ӨЭМТ-үүдэд эмч нарын төрийн бус байгууллага, Глобал сан, Улаан загалмай нийгэмлэгээс сайн дурын ажилчид ажиллаж байгаа юм.

Цар тахлын үед хариу арга хэмжээ, эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх ажиллагаа эрүүл мэндийн салбарын ажил боловч хүн хүч хүрэлцэхгүй нөхцөлд сайн дурын ажилчдыг татан оролцуулдаг. Хэрэв иргэн та сайн дурын ажилд хамрагдахыг хүсвэл НОК-ын Шуурхай штабын байранд ирж бүртгүүлээрэй.

Эх сурвалж: ЭМЯ

Л.Энх-Амгалан: Багш нарын нийгмийн баталгаа, хөгжлийг дэмжих 4 хуулийн төслийг хэлэлцүүлж байна
Л.Энх-Амгалан: Багш нарын нийгмийн баталгаа, хөгжлийг дэмжих 4 хуулийн төслийг хэлэлцүүлж байна
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.