Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэрбум модыг 2030 он гэхэд тарьж ургуулах талаар НҮБ-ын индэр дээрээс мэдээлсэн.
Азийн шар шороон шуургыг эхийг тавьж буй манай улсын хувьд энэхүү мэдэгдэл нь цаг үеэ олсон, олон улсад эерэг мэдээллийг түгээсэн ажил байв.
Энэхүү санаачлагын хүрээнд олон газар мод тарих хөдөлгөөн өрнөөд байна. Харин гэр хорооллынхон чимээгүй. Хавартаа хуурай шар шороогоор тэнгэр, газар нийлэх шахан шуурдаг манай хотод санаснаар болдог бол гэр хорооллын иргэн бүр хашаандаа мод тарьчихвал туйлын хэрэгтэй мэт.
НИЙСЛЭЛД ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
16400м2 ТАЛБАЙ БАЙНА
Мод тарьснаар дуу шуугиан, орчны бохирдлыг бууруулах зэрэг олон таатай нөлөөтэй.
Нийслэлийн хувьд өнгөрсөн хугацаанд 17100 орчим м2 талбайг ногооруулжээ. Гэвч цаана нь ногооруулж, цэцэрлэгжүүлэх шаардлагатай 16400 м2 талбай байна. Улаанбаатарт нэг хүнд ногдох ногоон талбай:
- 2017 онд- 2,4м2
- 2018 онд- 3,2м2
- 2019 онд- 4,1м2
- 2020 онд- 5 м2 болж бас ч гэж өсөөр байгаа ажээ.
Харин ногоон байгууламжийн санхүүжилтэд:
- 2013 онд: 4,7 тэрбум
- 2016 онд: 5,8 тэрбум
- 2018 онд: 7,5 тэрбум төгрөг
2020 онд: 11,5 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Гэсэн хэдий ч энэ санхүүжилт ногоон байгууламж байгуулах, арчлах зэрэг үйл ажиллагаанд хүрдэггүй талаар Нийслэлийн ерөнхий менежер Т.Гантөмөр учирлаж байлаа. Бид Эрээн хот хэчнээн их хөгжиж, Замын-Үүд яаж навсайж байгаа талаар хөөрөлддөг. Гэтэл үнэндээ зөвхөн Эрээн хотын ногоон байгууламжийг тарьж, арчлахад жилд 150 орчим тэрбум төгрөгийг зарцуулдаг байна.
Нийслэлийн байгаль орчны газраас 2020-2024 онд нэг хүнд ногдох ногоон талбайг 8м2 болгохоор төлөвлөөд байгаа ажээ. Мөн дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулах зай талбайг тодорхойлж, иргэд ААН-тэй хамтрах боломжийг эрэлхийлж байна. Жишээ нь, Дарь-Эхийн рашааны орчимд 1,9 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ.
ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДЭД МОД, БУТ ТАРЬВАЛ УРАМШУУЛДАГ
БАЙСНЫГ СЭРГЭЭЕ
Өдгөөгөөс 10 орчим жилийн өмнө иргэд олон нийтийн талбай болон хашаандаа мод, бут тарьвал урамшуулал олгодог байв. Тухайлбал, 2011 онд иргэд, албан байгууллагуудын тарьсан мод сөөгний ургалтыг харгалзан, шилмүүст мод тус бүрт 3000-5000, навчит модонд 800-1000 төгрөгөөр тооцон урамшуулдаг байв. Мөн чимэглэлийн бут сөөгөнд 600, ургамалан хашлагын бут, сөөгт метр тутамд нь 3000 төгрөгөөр бодож нэг удаа урамшуулал олгож байсан юм. Ингээд модны тооллогыг жил бүрийн наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 1, намар тарьсан модыг дараа жилийн зургадугаар сарын 15-наас долдугаар сарын 1-ний хооронд явуулдаг байлаа.
Яг энэ уламжлалт үйл ажиллагааг сэргээе. Тэрбум мод тарина гэж дэлхий дахинд зарлахдаа үүнийхээ санхүүжилтийг бас бодсон л байлгүй. Тиймээс гэр хорооллын иргэдэд олгох урамшуулалт хөтөлбөрийг сэргээж, өмнөх урамшууллыг багахан ахиулж олгох тал дээр ажиллах нь зүй.