/2021.09.27/: Хотын дарга Д.Сумъяабазар Монгол дахь Америкийн Худалдааны танхимын гишүүдтэй цахим уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар танилцуулга хийж, талууд хотын авто замын түгжрэлийг бууруулах, хэт төвлөрлийг сааруулах, суурь дэд бүтцийг сайжруулах асуудлаар санал солилцов.
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 27 жилийн дараа шинэчлэн батлагдаж, нийслэл нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломж бүрдсэнийг дурдаад, Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө санхүүгийн зөв бүтэц, зохион байгуулалт чухал болохыг онцлон тэмдэглэлээ.
Мөн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод тулгамдаж буй нэн тэргүүний асуудал болох авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх, өндөр технологи бүхий замын хөдөлгөөний нэгдсэн системтэй болох, зам тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа илэрхийлэв.
Монгол дахь Америкийн Худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа Улаанбаатар хотын хөгжил, тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх зорилгоор хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, танилцуулга хийсэнд талархал илэрхийлээд, цаашид Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлын хүрээнд хоттой хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцоллоо.