/2021.09.23/: АНУ-ын баруун хойд их сургуулийн эрдэмтэд навч мэт агаарт нисэх чадвартай жижиг микро чип бүтээжээ. Энэхүү шинэ бүтээлийн тухай Nature сэтгүүлд мэдээлжээ.
Шинэ төхөөрөмжийн хэмжээ ойролцоогоор нэг миллиметр юм. Энэ нь мотор болон идэвхтэй хяналтын гадаргуугаар тоноглогдоогүй бөгөөд түүний ер бусын загвар нь агаарыг дагаж, навч шиг аажмаар буух боломжийг бүрдүүлжээ.
Чипийг тогтвортой газардахад нь туслах од хэлбэртэй гурван жижиг далавчыг байрлуулжээ. Тэдгээр далавчны тусламжтайгаар төхөөрөмж эргэдэг бөгөөд хол зайд нисч чаддаг гэнэ. Чип нь мэдрэгч, батерей, холбоо барих антенн болон өгөгдөл хадгалах санах ойтой юм.
"Бидний зорилго бол далд далавчит микроэлектроникийн системийг бүтээх явдал байсан бөгөөд энэ нь бохирдолтой тэмцэх, эмгэг төрүүлэгчдийг хайх гэх мэт маш том талбайг хамрах боломжийг олгож байгаа юм. Байгалиас бид шинэ санаагаа олсон. Олон тэрбум жилийн турш ургамал нь нарийн төвөгтэй аэродинамик үрийг гаргаж ирснийг бид ажиглан түүнээс санаа авсан" гэж ерөнхий зохион бүтээгч Жон Рожерс хэлэв.
Удаан хугацааны турш инженерүүд төрөл бүрийн үрийн бүтцийг судалж ирсэн. Тэд хамгийн тохиромжтой үр нь од хэлбэртэй Тристеллатея гэдэг ургамлын үр болохыг тогтоосон бөгөөд хожим нь лабораторид ижил төстэй чипийг зохион бүтээсэн байна.
Нисдэг чипийг ашиглахаасаа өмнө хүрээлэн буй орчинд хог хаягдал үүсгэхгүйн тулд түүнийг биологийн задралд ордог болгохоор өөрчлөх хэрэгтэй гэж бүтээлийн зохиогчид үзэж байна. Эрдэмтэд энэ чиглэлд аль хэдийн ажиллаж эхэлсэн бөгөөд цаг хугацааны явцад усанд уусдаг далавчнуудад зориулан задрах микро схем, полимер материалыг бүтээжээ.
Эх сурвалж: ren.tv