/2021.09.22/ Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Тус цахилгаан станц Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг, Шижигтийн хавцалд Ховд гол дээр баригдана. Станцыг барих ажил ирэх онд эхлэнэ.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийн хэд хэдэн аймгийг цахилгаанаар хангах боломжтой" гэв.
Усан сан байгуулах газарт суурьшдаг айлуудыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Эхний ээлжинд 98 айлыг нүүлгэхээр тохирсон байгаа юм байна. Цаашид усан цахилгаан станцын ойр орчмын газрын улсын тусгай хамгаалалтад авна гэв.
Засгийн Газрын тогтоолоор Монгол Улсын баруун бүсийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хараат байдлаас гарах зорилгоор Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах шийдвэрийг гаргасан.
Цахилгаан станцыг барьснаас хойш 7-8 жилийн дараа үр дүнг үзэх буюу хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой гэж үзэж байгаа юм.
Бүтээн байгуулалтыг 271 сая доллараар, 61 сарын хугацаанд барихаар төлөвлөжээ. Мөн 80 орчим ажлын байр бий болох боломжтой гэв.