Австрали-Монголын эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австрали-Монголын эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

/2023.04.24/: Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Смитийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Эрхэмсэг хатагтай К.Смитийг Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, Австралийн Холбооны Улс нь Номхон далайн бүс нутаг дахь Монгол Улсын чухал түнш болохыг уулзалтын эхэнд тэмдэглэв.

Тэрбээр, Монгол Улс Австралийн Холбооны Улстай харилцаагаа бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө байдаг, тэр дундаа боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгааг онцлов. 1990-ээд оны эхэн үеэс эхлэн “Australia Awards” тэтгэлэгт хөтөлбөрөөр 700 гаруй Монгол иргэн Австралид боловсрол эзэмшээд байна. Бид Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдагчдын тоог нэмэгдүүлэх сонирхолтой. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан саяхан Австралийн Холбооны Улсад айлчилж, жилд 50 хүртэлх оюутан Австралид сургах талаар санал солилцсон гэв.

Элчин сайд К.Смит Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд манай хоёр улсын хамтын ажиллагааг төр, хувийн хэвшил гээд бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой гэдгийг харж байна гэв.

Тэрбээр, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын өнгөрсөн гуравдугаар сард хийсэн айлчлал амжилттай болсныг онцлон тэмдэглэж, талуудын харилцан ярьсан хэлэлцээ биеллээ олно гэдэгт найдаж байна гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уул уурхайн салбар бол Монгол Улсын эдийн засгийн гол тулгууруудын нэг бөгөөд нийт экспортын 92 хувийг эзэлдэг. Монгол Улсыг дэлхийн уул уурхайн зах зээлд гаргахад Австралийн хөрөнгө оруулагчид чухал үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улс, Австралийн Засгийн газар эрдэс баялагт суурилсан Монголын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Бид энэ хөтөлбөрийн 3-р үе шатыг үргэлжлүүлж, үр шимийг нь хүртэх хүсэлтэй байна гэв.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийг баталж, эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх этгээдийн олборлох үйлдвэрлэлтэй холбогдох мэдээллийг ил тод нээлттэй болгохоор ажиллаж байна гэлээ.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох” жил болгон зарласантай холбогдуулан талууд аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, боловсрол зэрэг салбаруудын эрх зүйн зохицуулалтын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин гэдэгт санал нэгдлээ.

Эх сурвалж: УИХ

Фэйсбүүк, твиттер, Youtube сувгуудынхаа АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ хэрхэн хангах вэ?
Фэйсбүүк, твиттер, Youtube сувгуудынхаа АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ хэрхэн хангах вэ?
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.