/2023.04.21/: Суданы нийслэл Хартум хотоос цөхрөнгөө барсан иргэд зугтахыг оролдсоор байна.
Сөргөлдөөнтэй бүлэглэлүүдийн хоорондын мөргөлдөөний улмаас эмнэлгүүд шархдагсдаар дүүрч байгаа бөгөөд гал зогсоох оролдлогууд бүтэлгүйтсээр байна.
Суданы арми болон Шуурхай туслах хүчний (RSF) хоорондын цуст мөргөлдөөн зургаа дахь өдрөө үргэлжилж байгаагаас нийслэлтэй ойролцоох бусад хотуудын гудамжинд эмх замбараагүй байдал үүсэж эхэлжээ.
Хартумын Аль-Наср хорооллоос Суданы хойд хэсэгт орших Атбара хот хүртэл зугтаж чадсан нэгэн Мухаммед Хаммам, "Өчигдөр би эхнэр, дөрвөн хүүхдийнхээ хамт ямар ч үнээр хамаагүй Хартумыг орхихоор шийдсэн. Үхлийн аюул биднийг бүх талаас хүрээлж байсан болохоор гэртээ тэнэсэн суманд өртөж эсвэл өлсөж цангаж үхэхийн оронд амьд үлдэх гэж хичээж байгаад үхсэн нь дээр гэж би гэр бүлийнхэндээ хэлсэн" гэж CNN-д ярьжээ.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн мэдэгдэлд дурдсанаар, Суданы Дарфур мужаас сүүлийн өдрүүдэд 20,000 орчим дүрвэгч Чад руу дүрвэсэн байна.
Гэхдээ зугтана гэдэг тийм ч амархан биш аж. Нийслэл хотын олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад ороогүй хэвээр байгаа бөгөөд нисэх онгоцны буудлын хяналтын цамхгууд RSF-ийн бөмбөгдөлтөд сүйдсэн гэж мэдэгджээ.
Байлдааны ажиллагаа үргэлжилж, нисэх онгоцны буудал хаагдсан нь АНУ-ын дипломат ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэх ажилд саад болж байгаа аж. АНУ-ын томоохон албан тушаалтан, "Газар дээрх нөхцөл байдал хэт тогтворгүй хэвээр байгаа тул нүүлгэн шилжүүлэлт хийх боломжгүй байна. Тус улсад байгаа америкчуудыг байрандаа хоргодохыг уриалж байна" гэжээ.
АНУ-ын Батлан хамгаалах яам Суданы ойролцоох АНУ-ын элчин сайдын яамны аюулгүй байдлыг хангахаар нэмэлт хүч байрлуулсан байна. Үүнд Жибутид байрладаг хэдэн зуун тэнгисийн явган цэргүүд багтаж байгаа аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цэргийнхэнд нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон тохиолдолд урьдчилсан байрлал тогтоох хүчээ урагшлуулж, хувилбар боловсруулахыг зөвшөөрчээ.