/2021.09.06/ Румын улсын ерөнхийлөгч Николай Чаушеско 1966 онд үр хөндөлт болон жирэмснээс сэргийлэх эм бэлдмэлүүдийг хэрэглэхийг хориглосон хууль гаргажээ.
Хүн амаа өсгөх гэсэн энэ бодлого богино хугацаандаа амжилттай хэрэгжив. Эмэгтэйчүүд дунджаар 1,9 хүүхэд төрүүлдэг байсан бол 3.7 болж огцом нэмэгдлээ. Харин он жилүүд өнгөрөх тусам энэ хууль асар буруу байсан нь батлагджээ.
Удалгүй мөнгөтэй, чадалтай эмэгтэйчүүд эмч нарт авлига өгөн үр хөндүүлж, эсвэл хөрш Германаас нууцаар спираль авдаг болов.
Харин орлого багатай, эмзэг бүлгийнхэнд дээрх хуурай хууль нь хамгийн хүндээр тусчээ. 1989 он гэхэд 10 мянган эмэгтэй зориулалтын бус орчинд, нууцаар үр хөндүүлж байх үедээ амиа алджээ. Гэвч баригдвал шоронд ордог байсан тул үнэн тоо үүнээс хамаагүй өндөр байх магадлалтай. Эхийн эндэгдэл ч 1965-1989 онд хамгийн их буюу 50 хувь болсон байна.
Хүүхэдтэй болчих вий гэх айдсаас үүдэлтэйгээр секс хийх нь эмэгтэйчүүдийн хувьд зовлон болж хувирчээ.
Хуурай хуулийн гай үүгээр зогссонгүй. Олон арван мянган өнчин хүүхдүүдийг энэ хууль “төрүүлжээ”. 1989 онд Румынд коммунизм задран унахад 170 мянган өнчин хүүхэд ил болжээ. Тураалтай, зодуулж, хүчирхийлэлд өртсөн маш өрөвдөм хүүхдүүдийг тэд дэлхий дахинаас нуусан байв. Заримыг нь асрамжийн газрын төмөр орны хүрээтэй дөнгөлж орхисон байлаа.
Индиана их сургуулийн түүх, жендэр судлалын профессор Мария Букур “Чаушескийн хууль хүн амаа өсгөхөд үр дүн авчирч чадаагүй. Ер нь үр хөндөлтийг хууль бус болгосноор эмэгтэйчүүд олон хүүхэдтэй болдоггүй. Улс үндэстний олон хүн амтай болох бодлогын зорилго нь олон амь насыг аврахад чиглэх учиртай” гэжээ.
Эх сурвалж: Foreign Policy