/2021.09.06/ Цагаан давааны хогийн цэгийн 8 га талбайг нөхөн сэргээжээ.
Тодруудбал, Цагаан давааны хогийн цэгт өдөрт 1.5-2 мянган тонн хог хаягдал төвлөрдөг. Одоогийн байдлаар 22 га талбайг хог хаях зориулалтаар ашиглаж байгаа юм. Үүнээс найман га талбайн хогийг ландфил технологиор дарж, булах ажил хийсэн байна.
Уг найман га талбайд таван метр урт, нэг метр диаметртэй, агаар сэлгэх боломжтой 33 метан хий зайлуулах бетонон хоолойг суурилуулжээ.
Мөн 70-100 см шороон хөрсөн хучилт хийн олон наст зүлэг тарьсан байна. Нөхөн сэргээлт хийсэн талбайг хогийн цэгээс тусгаарлахын тулд гурван метр өндөртэй, 360 метр урт төмөр торон хашааг барьжээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/ 2020 оноос эхлэн Нарангийн энгэр, Цагаан даваан дахь төвлөрсөн хоёр хогийн цэгт хог дарж булах ландфилийн талбайг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн.
Уг ажлын хүрээнд Нарангийн энгэрийн хогийн цэгт нийт 16 га талбайг хоёр жилийн хугацаанд нөхөн сэргээн, зүлэгжүүлэх ажлыг хийсэн байна.
Эх сурвалж: Улаанбаатар.мн