/2023.4.7/ Хүний эрхийн Үндэсний комиссоос тусгай сургуулиудад шалгалт хийж байна. Энэ удаад 29 дүгээр тусгай сургуульд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа.
Юун түрүүнд, тохижилт агааржуулалт, гэрэлтүүлэг сайн. Мөн камержуулсан зэргийг шалгалтын комиссынхон сайшаан дүгнэсэн байна.
СҮҮЛИЙН 5 ЖИЛД 6 УДАА ЗАХИРАЛ НЬ СОЛИГДСОН
29 дүгээр тусгай сургууль сүүлийн таван жилийн дотор зургаан захирал сольжээ. Энэ удаад зургаа дахь захирал нь 2023 оны нэгдүгээр сард ажилдаа томилогдсон байна. Сургуулийн захирал С.Батмягмар нь 29 дүгээр сургуульд багшилж байсан хүн ажээ. Түүний үйл ажиллагааг “Сургуулийн үйл ажиллагааг сайжруулж, эцэг эхчүүдийг мэдээллээр хангахаар чармайн ажиллаж буй” хэмээв.
Сургуулийн удирдлага нь байнга солигддог тул багш нар нь талцан хуваагддаг, үл ойлголцдог, хоорондоо таарамжгүй харилцаатай ажээ.
283 сурагч, 145 багш, ажилтантай
Тус сургууль 145 багш ажилтантай, 283 сурагчтай. Гурван объекттой бөгөөд сургуулийн байр, эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн дотуур байртай.
БСШУЯ-тай холбоотой сургалтын хөтөлбөрийн зөрчлүүд:
8.31-нд сургалтын хөтөлбөрийг багш нарт өгчээ
Шалгалтын үеэр илэрсэн зарим зөрчил нь тогтолцооны шинжтэй, сургуулийн удирдлага дангаар шийдэх боломжгүй зүйлс байжээ. Ерөнхийдөө 29 дүгээр сургууль дээр хүүхдийн сурч боловсрох эрх зөрчиж байна гэж ХЭҮК-оос ажилласан шалгалтын багийнхан үзсэн байна.
Учир нь, тус сургуулийн сургалтын хөтөлбөр оновчтой биш, сургалтын агуулга нь сонсгол хэл ярианы бэрхшээлтэй хүүхдэд дохионы хэл заах, авиа заахад л тулгуурлаж байгаа нь өрөөсгөл бөгөөд зарим хүүхдэд энэ нь огт үр дүнгүй сургалт болдог байна.
Агуулга нь тохироогүй, сурах бичиг, багшлах боловсон хүчин бэлтгэх бодлого, дэмжлэг байхгүй. Тиймээс сургалт нь үр дүнгүй.
Энэ хичээлийн жил эхлэхээс нэг хоногийн өмнө буюу наймдугаар сарын 31-нд Боловсролын яамнаас тухайн жилд орох хичээлийн хөтөлбөрийг багш нарт өгчээ. Хичээл эхлэхээс ердөө нэг хоногийн өмнө багш нарт хөтөлбөр өгч байгаа нь бэлтгэх боломж огт олгоогүй байна гэж үзжээ.
Төсөв нь ихэнхдээ багш, ажилтнуудын цалинд зарцуулагддаг:
Өвөл сурагчид гадуур хувцастайгаа хичээллэдэг
29 дүгээр сургуулийн нийт төсвийн 75-80% нь цалин хөлсөд зарцуулагддаг. Урсгал засвар, үйл ажиллагаанд зарцуулах төсөв хангалтгүй. Шаардлагатай засвар хийхгүй байгаагаас сургуулийн зарим хэсэг маш хүйтэн тул өвөл гадуур хувцастайгаа хичээллэжээ. Бороо, цасны ус дээвэрт хуримтлагдаж, байнга дусаал гоождог.
- 2021 онд: 3,2 тэрбум төгрөгийн төсөв
- 2022 онд: 3 тэрбум төгрөгийн төсөв хуваарилагдсан.
Сургуулийн орчимд автобус ажиллах, сургуулийн орчмын камерын үйл ажиллагааны журам тодорхойгүй буюу сургуулийн үйл ажиллагаатай холбоотой журмууд байхгүй.
Сурагчидтай хийсэн бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага:
Багш нарын дохионы хэлний чадвар муу, эмч бүр мэдэхгүй
Сургалтын чанар, үр дүн хангалтгүй гэж шалгалтын хэсэг мөн үзсэн байна. Нийт 50 сурагчтай бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага хийхэд дараах саналууд олонхоос нь гарчээ. Сурагчид:
- Багш нар хичээлийн 40 минутыг үр бүтээлтэй заадаггүй. Ихэнхдээ хоцорч ирдэг, тэгээд 30 минут хичээл ордог.
- Багш нарын ихэнх нь самбар дээрээс хуулан бичиг хийхийг даалгаад өөрсдөө утсаа оролддог, сурагчдыг ангид орхин гарч явдаг.
- Хичээл орж байхад бусад багш нар ангид орж ирээд хичээл заах ёстой багштай элдэв асуудал хоорондоо яриад суучихдаг.
- Хичээлийг тайлбарлахаас багш цааргалж “Өөрсдөө учрыг нь ол” гэдэг. Хичээлдээ тааруу хүүхэдтэй ялгамжтай харьцаж, мөр рүү нь цохих тохиолдол гардаг.
- Хичээлийг 100% дохионы хэлээр ордоггүй. Энэ нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлдөг.
- Бидэнд энэ сургуульд суралцахаас өөр ямар ч сонголт байхгүй. Тийм учир дохионы хэлийг баяжуулмаар, зөв бичих зэрэгт суралцмаар байна.
- Сургуулийн эмч нь дохионы хэл мэддэггүй тул үзүүлж, хангалттай мэдээлэл авч чаддаггүй зэргийг сурагчид өгүүлжээ.
29 дүгээр сургуулийн багш нарын дохионы хэлээр хичээл заах чадвар нь туйлын хангалтгүй байна гэж шалгалтын багийнхан мөн үзжээ. Энэ нь холбогдох хуулиудыг зөрчиж байгаа юм.
Ахлах ангийн сурагчид:
Сургуулийн зааланд дандаа гадны хүмүүс тоглуулдаг
Ахлах ангийн сурагчдаас мөн санал асуулга авчээ. Ахлах ангид 50 сурагч сурдгаас 32 нь санал асуулгад хамрагдсан байна. Сурагчид дараах байдлаар хариулжээ:
- 84,4% нь багш нарын дохионы хэлээр харилцах чадвар ДУНД
- 87% нь багш нарын сурагчдад хичээлийг ойлгуулах чадвар ДУНД
Санал асуулгыг нээлттэй байдлаар сурагчдаас бичгээр асуужээ. Бичгээр авсан санал асуулгын дүн дээр шалгалтынхан “Ахлах ангийн сурагчдын бичгийн чадвар муу. Стандартад нийцэхгүй” байгааг анзаарсан байна.
Хичээлээс гадуурх сургалтын ажил тус сургуульд хангалтгүй байгааг илрүүлсэн байна. Хичээлээс гадуурх сургалтыг хуулиар зааж өгсөн байдаг юм. Сурагчид:
- Дотуур байрны хүүхдүүд хичээлээс гадуур жүдо, чөлөөт бөхийн дугуйланд явах хүсэлтэй ч явуулдаггүй.
- Бусад газрын сургалттай харьцуулахад манай сургууль муу санагдсан. Энгийн сургуульд ширээний теннис, сагс зэрэг дугуйланд богино хугацаанд хамрагдахад манай сургуулийн урт хугацааны сургалтаас хамаагүй илүү байсан.
- Сургуулийн зааланд дандаа өөр хүмүүс тоглуулдаг.
- Чөлөөт цагаараа зааланд тоглох, спортоор хичээллэх боломжгүй байна.
- Хувцас солих өрөө эрэгтэй, эмэгтэй гэж сургуулийн зааланд тусдаа байдаггүй.
- Санал асуулгад оролцсон сурагчдын 21,9% нь багш нар сурагчдыг саналыг сонсдоггүй.
- 37,5% нь хичээлээс гадуурх дугуйлан, клубт хамрагдах боломжгүй гэж хариулжээ.
Сурагчид: Багш нар сурагчдыг хэл амаар доромжилж,
заримдаа зоддог
Сургуулийн барилга доторх гэрлэн дохио ажилладаггүй нь сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд хэзээ хичээл завсарлах, орох эсэхийг мэдэхгүй нь өдөр тутамд тохиолдож буй бэрхшээл байна.
- 71,9% нь багш нар сурагчдад нэр хоч өгдөг, хэл амаар доромжилдог
- 46,8% нь багш нар зарим тохиолдолд зоддог гэж хариулжээ.
Үе тэнгийн дээрэлхэлт сургуулийн орчимд болон олон нийтийн сүлжээнд байж болзошгүй байна.
Дотуур байр: Охидын усанд ордог өрөөг дотроос нь цоожилсон ч
гаднаас нь түлхүүрдэн онгойлгох боломжтой
Сургуулийн дотуур байранд хүүхдүүдтэй хүнлэг бус харьцах, нэр төрийг доромжлох байдал нийтлэг гарч байгааг ХЭҮК анхаарууллаа.
Дотуур байранд хүүхэд эрүүл өсөх, айх аюулгүй, хүчирхийллээс ангид амьдрах орчин бүрдээгүй байна гэж ХЭҮК үзжээ.
Эрэгтэй дотуур байрны бие засах газрын шээлтүүр ажилладаггүй, хүүхэд хөгжлийн өрөөний тохижилт хангалтгүй, компьютерийн өрөөнийх нь бүх компьютерийн залгуурыг нь салгасан, ажилладаг эсэх нь тодорхойгүй байжээ.
Эмэгтэй сурагчдын усанд ордог өрөөний хаалгыг дотор талаас нь түгжсэн үед гаднаас түлхүүрдэн онгойлгох боломжтой байсныг шалгалтынхан онцоллоо. Дотуур байранд нэг удаа паар нь эвдрэхэд засварчин охидын унтлагын өрөөгөөр дураараа сэлгүүцэн явж байж. Гэвч тэр эвдэрсэн паар охидын унтлагын өрөөтэй огт хамаагүй газар байрлалтай байжээ.
Хүүхдийн хөгжлийн үйл ажиллагааг дэмжих төлөвлөгөө байхгүй. Сурагчдаас сэтгэл ханамжийн судалгаа аваагүй.
Орон нутгаас ирсэн эцэг эхтэйгээ уулзах эргэлтийн өрөө, эрэгтэй сурагчдын дотуур байранд номын сан байхгүйг шалгалтаар тогтоожээ.
Дотуур байрны хүүхдүүдтэй ярилцахад сурагчид:
- Хоол нь маш бага, их өлсдөг
- Дотуур байрны асрагч нар дохионы хэлээр маш муу ярьдаг. Хүүхдүүдтэй маш муухай харьцдаг.
- Дотуур байрны ажилтнууд шөнийн цагаар архи согтууруулах ундаа хэрэглэдэг.
- Хавар дулаараад гарч тоглох гэхээр гадаа тоглуулдаггүй, бага ангийнхныг салхинд огт гаргадаггүй.
- Зурагт үзүүлдэггүй, шатар даам тоглох боломжгүй, байхгүй.
- Аав, ээжтэйгээ тогтмол холбогдож чаддаггүй. Хааяа аав ээжийнх нь зав гараад ярьж байтал “Одоо болсон” гэж утсыг нь шууд булааж авдаг.
- Өглөө хүүхдүүдийг шууд гэрлийг нь асааж, хөнжлийг нь хуу татан, бос гэж цохиж сэрээдэг.
- Асрагч нарт шүдний оо, саван зэрэг ариун цэврийн хэрэглэлүүдээ өгөхөөр дутдаг, алга болдог. Хэлэхээр үлдсэн нь энэ гэж загнасан байдалтай харьцдаг.
Ганцаарчилсан ярилцлага хийхэд 16 настай охин:
“Миний сарын тэмдэг шөнө унтаж байхад ирсэн. Өглөө ариун цэврийн хэрэглэлээ авъя гэтэл чиний ариун цэврийн хэрэглэл дууссан, чамд өгөхгүй гэжээ. Ингээд охин өглөө босож, ээжтэйгээ холбогдож, мөнгө шилжүүлэн авснаар дэлгүүр орж, ариун цэврийн хэрэглэл аваад хичээлдээ хоцорч оржээ. Гэтэл ангийнх нь багш “Чиний сарын тэмдэг чинь дууссан байх ёстой, юу гэж худлаа яриад байгаа юм” гэж ангийнх нь хүүхдүүдийн өмнө загнасан байна.
Сонирхуулахад, дотуур байрных нь захирал 7 жил огт солигдоогүй ажилласан хүн байдаг ажээ.
ХЭҮК: ШААРДЛАГА БИЕЛҮҮЛЭЭГҮЙ БОЛ АЛБАН ТУШААЛААС НЬ
ХАЛАХ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХУУЛЬТАЙ
Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа нэн тэргүүнд хэрэгжүүлэх 8 асуудлыг 29-р сургуулийн захиралд танилцуулж, шаардлагыг хүргүүллээ. Г.Нарантуяа:
-Энэ сургуулийн нэг жилийнх нь төсөв 3,2 тэрбум төгрөг байна. Нийт 283 сурагчтай бөгөөд энэ төсвийг нэг хүүхдэд хуваагаад үзвэл 11 сая орчим төгрөг зарцуулагдана. Ингэж сургууль, боловсролын үйл ажиллагааг ор мөр төдий явуулах уу, илүү өөр зүйл хийх шаардлагатай юу гэдэг дээр бид бодлогын түвшинд ярилцах шаардлагатай болжээ. Энэ удаагийн шалгалтын үр дүнгээр ирэх намар гэхэд танай сургуулийн үйл ажиллагаанд ахиц дэвшилж гарч, хүүхдийн эрхийн зөрчил арилсан байх нь нэн тэргүүний зоилт гэлээ.
Хүний эрхийн Үндэсний комиссоос 29 дүгээр сургуулийн удирдлагат даруй авч хэрэгжүүлэхийг шаардсан 8 асуудал:
- Сургуулийн удирдлага зохион байгуулалт, багш нарын хамтын ажиллагаа, ажиллах эерэг уур амьсгалыг бүрдүүлэх төлөвлөгөөг нийт багш, ажилтнуудтайгаа боловсруулж, хэрэгжүүлэх.
- Сургалтын чанар, үйл ажиллагаандаа дотоод үнэлгээ хийх.
- Сургалтын чанарыг ахиулах боломжит арга хэмжээг тодорхойл. Тэдгээрийг шат дараалан хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах.
- Багш нар хичээлийн цагийг үр дүнгүй өнгөрүүлдэг, хичээл ордоггүй байдлыг нэн даруй таслан зогсоо. Зөрчил гаргасан багш нарт хариуцлага тооцох.
- Багш ажилтнуудын дохионы хэлний чадварыг сайжруулах арга хэмжээг шат дараатай ав. Бүх ажилтан, багш дохионы хэлээр харилцах чадвар эзэмшсэн байх цаад хугацааг тогтоон, энэ үйл ажиллагаанд чиглэсэн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх.
- Сурагчдын санал хүсэлтийг тусгаж, 2023-2024 оны хичээлийн жилээс мөрдөгдөх хичээлээс гадуурх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх арга хэмжээ ав. Сургууль доторх чөлөөт цагийг өнгөрөөх анги танхим бодитой ашиглагдахгүй байгааг таслан зогсоох.
- Сурагчдын санал хүсэлтийг авдаг механизмыг бий болго. Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар мэдээ мэдээллийг сурагч, багш нарт өгөх.
- Сургуулийн дотуур байртай холбоотой зөрчлийг нэн даруй таслан зогсоо. Дотуур байранд хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотойгоор албан тушаалтанд нэн даруй харицлага тооц. Дотуур байрны хүүхдийн хоол хүнсний асуудалд хяналт тавьж ажиллах.