Д.Баяр: Хувь тэнцүүлсэн, холимог тогтолцоо ХЯНАЛТГҮЙ эрх мэдлийг бий болгох эрсдэлтэй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Баяр: Хувь тэнцүүлсэн, холимог тогтолцоо ХЯНАЛТГҮЙ эрх мэдлийг бий болгох эрсдэлтэй

ХБНГУ-ын Макс Планк Институтийн Нийгмийн Антропологийн Хүрээлэнгийн докторант, судлаач Д.Баяртай zoom ярилцлага хийлээ.

-Холимог тогтолцоог сонгохоор Сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барьлаа. Мөн УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах талаар хэлэлцэж эхэллээ. Сонгуулийн тогтолцоог өөрчлөхийн давуу талыг эрх баригчид хангалттай сурталчилж байгаа. Гэтэл сул тал, сонгогчдын хүлээлт биелэгдэхгүй байх нөхцөл, түүнчлэн Үндсэн хуульт ардчилсан тогтолцоонд үүсэж болох аюул байж болох уу? Байж болох эрсдлийг хэн ч ярихгүй байгаа учир энэ дээр Таны байр суурийг сонирхъё?
-Нэгдүгээрт, сонгуулийн олонх, хувь тэнцүүлсэн, эсхүл холимог тогтолцоо нь сонгууль шударга, нээлттэй, шууд болох үндэс биш гэдгийг ойлгох ёстой. Адилхан л Монголчууд өрсөлдөж байгаа шүү дээ. Олонхийн тогтолцооноос (мажоритар) хувь тэнцүүлсэн тогтолцоонд (пропорциональ) шилжихээр бүх зүйл байхан болоод боловсролтой, шударга, ёс зүйтэй хүн сонгогдоно гэж ойлгуулж болохгүй. Түүнчлэн нийгэмд үүссэн олон асуудалд хариулт, шийдэл болно гэж ярьж болохгүй. Сонгуулийн тогтолцоо нь авлига, хулгай буурах эсхүл эдийн засгийн өсөлттэй хамааралтай мэтээр ойлгуулах нь нийгэмд хий хоосон, буруу хүлээлтийг бий болгоно. Энэ нь улмаар Үндсэн хуульт, парламентын ардчилалд аюултай.

Ер нь үнэнийг хэлэх хэрэгтэй. Сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэдэг улс төрийн эрх барьж байгаа бүлэг эрх мэдлээ хадгалах боломжоо хэрхэн харж байгаатай шууд холбоотой. Өнөөдрийг хүртэлх 8 удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд бараг 8 удаа сонгуулийн хууль бичсэн байх. 2012 оны сонгуулийн холимог тогтолцоог эс тооцвол бид дандаа олонхийн тогтолцоогоор сонгуулиа хийж ирсэн.

Гэхдээ олонхийн тогтолцоогоор хийхдээ тойргоо янз бүрээр л “найруулжээ”. Бүгд л эрх мэдлээ хадгалах зорилготой. Харин олонхийн тогтолцоо нь хувь тэнцүүлсэнтэй харьцуулбал илүү савалгаатай байдаг учраас улс төрчид ирдэг, бас явдаг байсан болов уу. Одооо хувь тэнцүүлсэн, холимог тогтолцоонд шилжсэнээр эрх мэдэлтнүүдэд улс төрийн хариуцлага хүлээлгэж чадахгүйд хүрэх, улмаар тогтолцоогоо бүхлээр нь өөрчилж байж хариуцлага хүлээдэг зам руу шилжих аюултай.

Хоёрдугаарт, сонгуулийн маргааш гэхэд холимог тогтолцоо нь хамгийн том эрсдлийг дагуулдаг. Холимог тогтолцоо ихэнхдээ “МАНАН” л бий болгоно.

-Одоо ч гэсэн “МАНАН” байна гэж үзээд л бид өөр тогтолцоог сонгох гээд байгаа биш үү?
-Монголд “МАНАН” аюултай байдаг гол шалтгаан нь бид угаасаа бүхэл, нэг үндэстэн. Үзэл санаа, баримтлалын ялгаа байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Ийм “МАНАН” ихэвчлэн хяналтгүй болж хувирдаг. Хэрэв хэл, соёл, шашин шүтлэг, угсаа гарал, ашиг сонирхлоороо ялгаатай бүлгүүд холимог тогтолцооны үр дүнд “МАНАН” үүсгэж байгаа бол байнгын хяналттай. Учир нь үндсээрээ, голоороо бие биедээ итгэх итгэл сул байдаг учраас.

Монголд харин үгүй. Монголд бол ялагдал жинхэнэ хяналт болж чаддаг. Суудал авч чадаагүй, гудамжинд гарсан улс төрч, нийгмийн зүтгэлтнүүд ууртай болж, ялсан хэдийгээ хянах магадлал өндөр. Олонхийн тогтолцоо ийм хяналтыг өгч чаддаг байсан юм шүү.

Гуравдугаарт, холимог гэдэг нь олонхийн болон хувь тэнцүүлсэн сонгуулийн системийг хоёуланг нь хамтад нь авсныг хэлж байгаа юм. Хувь тэнцүүлнэ гэдэг нь намд өгнө. Намын жагсаалт өөрөө маш том, хяналтгүй улс төр. Үүнд хяналт тавина гэдэг бол өнөөдрийн эрх зүйн орчинд худлаа л болов уу. Жишээ нь олон тодорхойгүй асуудал байна. Нөхөн сонгууль, ээлжит бус сонгууль, гишүүнийг эгүүлэн татах болбол жагсаалт хэрхэн зохицуулагдах ёстой вэ гэх мэт. Улс төрийн намын жагсаалт өөрөө орон нутгийн төлөөллийг хангах уу? Гэх мэт тодорхойгүй байдал байгаа л бол улс төр бохир байхын үндэс.

Дөрөвдүгээрт, холимог тогтолцооноос болж хөдөө, хотоороо хагарах вий. Ер нь хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоонд орон нутгийн эрх ашгийг суулгаж өгөх ёстой. Үгүй бол улс төрийн намууд зөвхөн хүн ам төвлөрсөн бүсэд л сонгууль хийнэ, тэдний эрх ашгийг илүүд үздэг болно. Энэ бол нэгдмэл улсын хувьд байж болохгүй хуваагдлын үндэс. Манайд бие биенээ ялгаварлах, хуваах улс төр их хийх болсон. Одоо сонгуулийн тогтолцоо нь үүнийг нь бэхжүүлэх бол тийм оновчтой шийдэл биш.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гишүүдийн тоо, сонгуулийн 50:50 холимог тогтолцоог заана гэдэгт ямар санал байна?
-Буруу гэж харж байгаа. Үүний тулд нэг жижигхэн үйл явдал сануулах хэрэгтэй байх. Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц сонгуулийн тогтолцоотой холбоотойгоор 2012, 2016, 2022 онуудад 3 удаа шийдвэр гаргасан байдаг. 2011 онд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулиар 48/28 гэсэн холимог тогтолцоог анх оруулж ирсэн. Ингэхдээ олонхийн тойрогт ялагдал хүлээсэн ч, намын жагсаалтаар сонгогдох боломжтой гэж зохицуулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэсэн. Энэ нь холимог тогтолцоо Үндсэн хууль зөрчсөн гэсэн үг биш юм.

Харин Цэц 2016 оны гуравдугаар сард “Сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоо нь Үндсэн хууль зөрчсөн” гэдэг шийдвэр гаргасан. Үндэслэл нь их маруухан. Гурав дах удаагаа 2022 оны зургаадугаар сард ХҮН намын дарга Д.Доржханд, Д.Үүрцайх нарын мэдээллээр маргаан үүсгэж шалгасан байдаг. Бас л ядруу үндэслэлтэй. Мэдээлэл гаргагч нар “Үндсэн хуулийн сонгуулийн харилцааг зохицуулсан хэсэгт нэмэлт, өөрчлөлт орсон нь шинэ нөхцөл байдал бий болгосон. Тиймээс өнгөрсөн шийдвэрүүдээ эргэж хараач ээ” гэсэн харагддаг. Гэтэл Цэц 2012 болон 2016 оны шийдвэрүүдээ бүхэлд нь хүчингүй болгохын хамт “Сонгуулийн тогтолцоо нь УИХ-ын эрх хэмжээний асуудал” гэж шийдсэн.

Энэ үйл явдлаас хэд хэдэн дүгнэлт хийж болно. Сонгуулийн тогтолцоо бол улс төрийн маш маргаантай асуудал. Хэрэв ийм маргаантай асуудлыг Үндсэн хуульд хатуу зааж өгвөл 2028 оны сонгууль хүрэхгүй дахиад л Үндсэн хуулиа өөрчилнө. Нэгэнт Цэцээс сонгуулийн тогтолцоо нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал гэж үзсэн байхад үүнийг заавал Үндсэн хуульд тусгах шаардлагагүй буюу УИХ нь шийдээд явахад буруу зүйл байхгүй. Мөн 50/50 бол хэт туйлширсан харьцаа. Энэ нь байнга өөрчлөгдөх эсрдэлтэйгээс гадна хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоо нь өөрөө хатуу гишүүдийн тоонд баригддаггүй гэдгийг мартаж болохгүй. Үүнээс шалтгаалж Үндсэн хуульт ёс сулрах аюултай.

-Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа Германы туршлагыг нэлээд их судлах ши болсон. Германы туршлага ямар байдаг вэ?
-Би Германы сонгуулийн тогтолцооны талаар ерөнхий зүйл л хэлж чадна. Холимог тогтолцоотой. Манайхаар УИХ нь 598-аас доошгүй гишүүдээс бүрддэг. Үүний 299 нь олонхийн зарчмаар, 299 нь хувь тэнцүүлсэн буюу намын жагсаалтаар гардаг. Сонгогч нь сонгуулийн хуудас дээр хоёр сонголт хийх бөгөөд нэг нь нэр дэвшигч бол нөгөө нь намыг дугуйлдаг. Үүнээс гадна илүү санал гэж буй. Зорилго нь намуудын төлөөллийн хувь тэнцүүлсэн байдлыг хангах. Тиймээс Германы УИХ нь ихэвчлэн 598-аас дээш гишүүнтэйгээр бүрддэг. Зарим сонгуулийн жилд 706 гишүүн сонгогдож байсан жишээ байдаг. Монгол, Герман хоёр их ялгаатай шүү дээ. Манайхан харьцуулалт хийхдээ хэд хэдэн зүйлийг шалгуур болгох юм. Хүн ам, газар зүй, пост-социалист тогтолцоо, хөгжилтэй байдал, ардчилал, парламентийн засаглал гэх мэт. Маш ерөнхий үзүүлэлтийг шалгуур болгож харьцуулалт хийх замаар дотоод политикдоо хариулт өгнө гэдэг бол оновчтой биш. Харьцуулалт хийхийг үгүйсгэхгүй, харин шийдлийнхээ үндэслэл болгож, зөвтгөж, маргаж болохгүй.

-Дээд шүүхэд хэдийгээр 36 нам бүртгэлтэй гэдэг ч институцийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, төлөвшсөн нам гэвэл шууд хэлэхэд МАН л байна. ХҮН, АН-ыг хүчээр нэмж болох юм. Бусад нь бараг өөрийн гэсэн оффис ч байхгүй. Тэгэхээр МАН санаачлаад жижиг намуудаас төлөөлөл оруулж ирэх боломжийг хангая гэж байгаа нь боломжийн санал бус уу?
-Ямар ч тогтолцоогоор явсан нэг зүйл өөрчлөгдөхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр бол мөнгөтэй, олонд танигдсан, намдаа гавъяатай хүмүүс л УИХ-д сонгогдоно. Хувь тэнцүүлсэн сонгуулийн Монгол дах хувилбар бидэнд юу өгөх вэ гэвэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд бий болсон элитүүд л эрх хэмжээ, нөлөөгөө хадгална. Тэр бүлэг АН-ыг засагт авах уу, ХҮН-ийг авах уу л гэдэг л өөрчлөлтийг бий болгох биз. МАН үргэлжлүүлээд засаглахад муу, сайн байх эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Энэ тогтолцоо нь өөрөө ийм л үр дүнг авчирна.

Би эсэргүүцэж, шүүмжлээд байгаа юм биш. Байж болох эрсдлүүдийг харж, олон талаас дүгнэж харахад буруу зүйл байхгүй. Ер нь 4-8 жил бол улс төрийн өндөр албан тушаал хашсан хүний хувьд хангалттай хугацаа. Энэ хугацаандаа ажиллаж чадаагүй бол тэр хугацаагаа сунгах, тогтвортой засаглаад байх шаардлагагүй л гэж хувьдаа хардаг.

-Өөрийн чинь ярьж байгаагаар бол МАН цаашид урт хугацаанд засаглах нөхцөл бүрдэх юм байна. Тийм байлаа гэхэд УИХ-д сонгогдсон бусад нам нь хяналтын үүргээ гүйцэтгэх боломжтой болох биш үү?
-Манайд улс төрчид АН, МАН, ХҮН гэж нам харгалзахгүйгээр “төр хүчтэй байх хэрэгтэй, төр тогтвортой байх ёстой, төр том төсөл хэрэгжүүлэх шаардлагатай” гэж яриад байгаа. Ийм чиглэлд, үүнд хүрэхийн тулд нэмэлт, өөрчлөлт, мөн сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөж байгаа. Ийм хэт давамгайлсан үзэл, баримтлалыг “Нэг намын тогтолцоо” гээд байгаа юм. Гэтэл хэн тэр төрд чинь хяналт тавих юм. Хяналтгүй төртэй байвал түүхий эд, газрын нөөцөө нийлүүлдэг Хятадын захын муж л болж хувирах байх. Өөр хувилбар бий. Сэдвээс хазайх учир дараа үргэлжлүүлье.

Жич: Судлаач Д.Баяртай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой хийсэн ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.

Сурагчдаас хууль бус төлбөр, хураамж авахгүй байх зөвлөмж гаргалаа
Сурагчдаас хууль бус төлбөр, хураамж авахгүй байх зөвлөмж гаргалаа
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.