/2021.09.04/
Солилцооны хөтөлбөрийн гол зорилго нь хоёр улсын залуучууд өөрийн орны түүх соёл, ахуй, ёс заншил, боловсрол, байгаль, нийгэм эдийн засаг, бүтээн байгуулалт хөгжлийн талаар харилцан таниулах замаар хоёр орны найрсаг харилцаа, талуудын залуучуудын асуудлаарх хамтын ажиллагааг хөгжүүлэх юм. Өмнөх жилүүдийн солилцооны хөтөлбөр нь харилцан зочилж, хоёр улсын түүх, соёл, нийгмийн хөгжлийн ач холбогдол бүхий газруудаар аялах, ажиглах, ярилцах, харилцах, хамт цагийг өнгөрүүлж харилцан суралцах хэлбэрээр зохион байгуулагдаж байсан бол энэ жилийн хувьд дэлхийн нийтийг хамраад буй
Ковид-19 цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохиогдож, залуучууд бие даан мөн багаар ажиллах, хоорондоо мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох, харилцан суралцах агуулга, арга хэмжээг түлхүү тусгаснаараа онцлог юм.Энэ хүрээнд “Ковид цар тахлын дараах амьдрал болон Ирээдүйн ажил мэргэжил” гэсэн хоёр сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, монгол-солонгосын залуу төлөөллөөс бүрдсэн багууд маань хоёр долоо хоногийн турш холбогдож, багийн ажил гүйцэтгэх гэх мэт шинэлэг хэлбэр, санааг хөтөлбөрт тусгасан.
Хөтөлбөрийн нээлтийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын Залуучууд солилцооны цахим хөтөлбөрт амжилт хүсэж “Цаашид хоёр орны залуучууд хувь хүний хөгжил, соёл, урлаг, спорт, техник технологийн дэвшил, нийгмийн хөгжлөөс харилцан суралцах, залуучуудын хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өндөр ач холбогдолтой энэхүү арга хэмжээ нь улам өргөжин хүрээгээ тэлж, олон залуучуудыг хамруулж, улсын үнэт баялаг болсон залуучуудын хувь хүний хөгжил, оролцоог дэмжиж, залуучууд санаачлагч, бүтээлч, манлайлагч байж улс орныхоо хөгжил, дэвшилд илүү их хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэсэн юм.