
АНУ-ын бэлгийн хүчирхийлэл, хүний наймааны хэрэгт буруутгагдаж байсан санхүүч Жеффри Эпштейний 2019 онд шоронд нас барсан хэргийг тойрсон эргэлзээ дахин сөхөгдлөө. Шүүх эмнэлгийн шинжээч Майкл Фриман түүний задлан шинжилгээний материал, гэрэл зургуудыг судалсны үндсэн дээр Эпштейн амиа хорлоогүй, харин бусдын гарт амиа алдсан байх магадлалтай гэж мэдэгджээ.
Профессор Майкл Фриман Нью-Йорк хотын шүүх эмнэлгийн байгууллагын задлан шинжилгээний баримт бичиг болон гэрэл зургуудыг хэдэн сарын турш судалсан байна. Тэрбээр судалгааныхаа дүгнэлтийг даваа гарагт Лондонд танилцуулжээ. Судалгаанд Шведийн шүүх эмнэлгийн профессор Андерс Эрикссон, танин мэдэхүйн мэдрэлийн шинжлэх ухааны судлаач Итиэл Дрор нар хамтран ажилласан байна.
Хүзүүний гэмтэл болон бусад ул мөр сэжиг төрүүлжээ
Фриманы үзэж байгаагаар Эпштейний хүзүүнд илэрсэн уяаны ором, зөөлөн эдийн гэмтэл, зүүн мөрний гүн цус хуралт болон нүүрний гэмтлүүд нь амиа хорлосон гэх хувилбартай бүрэн нийцэхгүй байгаа аж.
Тэрбээр хүзүүн дэх гэмтлийн хэлбэр, байрлал болон бусад ул мөрийг харгалзан Эпштейнийг араас нь нарийн уяагаар боомилж, улмаар цогцсыг нь орон дээрх хэсэгт дүүжилсэн байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлжээ.
Гэхдээ шинжээч Фриман Эпштейний цогцсыг өөрийн биеэр үзэж шинжлээгүй бөгөөд задлан шинжилгээний баримт бичиг, гэрэл зурагт тулгуурлан дүгнэлтээ гаргасан гэдгийг онцлох нь зүйтэй.
Албан ёсны дүгнэлт өөрчлөгдөөгүй
Жеффри Эпштейн 2019 оны наймдугаар сарын 10-нд Нью-Йорк хотын Метрополитан хорих төвийн өрөөндөө нас барсан байдалтай олдсон юм. Тухайн үед тэрээр насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт оруулсан, хүний наймааны сүлжээ ажиллуулсан хэрэгт буруутгагдан шүүх хурлаа хүлээж байв.
Нью-Йорк хотын шүүх эмнэлгийн байгууллага 2019 онд түүний үхлийг боомилж амиа хорлосон гэж албан ёсоор дүгнэсэн бөгөөд уг байр сууриа одоо ч хэвээр хадгалж байгаагаа мэдэгджээ.
Мөн АНУ-ын Хууль зүйн яам болон Холбооны мөрдөх товчооны өмнөх мөрдөн шалгалтуудаар Эпштейнийг бусдын оролцоотойгоор хөнөөсөн гэх нотолгоо тогтоогдоогүй гэж дүгнэж байсан юм.
Үхлийн шалтгаантай холбоотой маргаан дахин өрнөж байна
Эпштейний үхлийн талаар эргэлзээ дэвшүүлсэн анхны шинжээч нь Фриман биш юм. 2020 онд түүний ах Марк Эпштейний хүсэлтээр ажилласан эмгэг судлаач Майкл Баден мөн хүзүүний гэмтэлд үндэслэн албан ёсны дүгнэлтэд эргэлзэж байгаагаа илэрхийлж байжээ.
Шинэ судалгааны дүгнэлт олон нийтийн анхаарлыг дахин татаж байгаа ч Эпштейнийг хэн, ямар нөхцөлд хөнөөсөн гэх асуудал одоогоор нотлогдоогүй хэвээр байна.
Эх сурвалж: BBC News, CBS News, CNN.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.