/2023.04.13/: Филип Жессапийн нэрэмжит олон улсын нийтийн эрх зүйн мэтгэлцээний тэмцээн нь 1960 оноос эхлэн хуулийн сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулагдаж буй дэлхийн хамгийн том мэтгэлцээний тэмцээн бөгөөд жил бүр дэлхийн 100 гаруй улс орны 700 орчим хуулийн сургуулийн баг оролцдог.
Энэ жил АНУ-ын Вашингтон Ди Си хотноо 2023 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэл зохион байгуулагдаж буй уг тэмцээнд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн баг оролцож байна. Олон улсын нийтийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульчид бэлтгэхэд эерэг нөлөө үзүүлдэг уг тэмцээнд Монгол Улсын баг анх удаа оролцоход Хууль зүй, дотоод хэргийн яам дэмжлэг үзүүлжээ.
Уг мэтгэлцээний тэмцээнд оролцох багийг сонгон шалгаруулах үндэсний хэмжээний тэмцээн тус яамны дэмжлэгтэйгээр 2023 оны хоёрдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан юм.