/2023.04.13/: Авлигатай тэмцэх газар нь Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 285 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл олон нийтэд мэдээлэгдсэнтэй холбогдуулан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанаас дараах албан бичгийг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр АТГ-т ирүүлжээ.
Уг албан бичигт “Авлигатай тэмцэх газар нь Хөдөө аж ахуйг дэмжих сангаас ямар нэгэн байдлаар зээл авсан асуудал байхгүй бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл дамжуулсанд хүлцэл өчье.
Танай Мөрдөн шалгах хэлтсээс тус санд хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөртэй 16 иргэн, аж ахуйн нэгжийн 285,915,411 (хоёр зуун наян таван сая есөн зуун арван таван мянга дөрвөн зуун арван нэг) төгрөгийн өр төлбөрийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлэн Сангийн яамны төрийн сангийн 100900000717 тоот данс, Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 тоот данс (хохирол нөхөн төлүүлэлт)-нд төвлөрүүлж, энэ талаар 2021 оны аравдугаар сарын 05-ны өдрийн 06/10313, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 06/15430 тоот албан бичгээр тус тус мэдээлэл ирүүлсэн байна.
Үүний дагуу тус байгууллагаар дамжуулан зээлээ төлсөн аж ахуйн нэгжийн хүсэлтээр өр авлагыг хааж тооцоо нийлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад төлөгдсөн дээрх өр төлбөрийн талаар манай талаас тооцоо нийлэх холбогдох албан тушаалтныг даруй томилон ажиллуулах саналтай байна” гэжээ.
Эх сурвалж: АТГ