/2023.04.10/: Хятад улс цэргийн сургуулилтын хоёр дахь өдрөө Тайвань болон түүний ойр орчмын усан дахь гол байнууд руу цохилт өгч байгаагаар хийлээ.
Энэхүү сургуулилт нь өнгөрсөн долоо хоногт Тайванийн ерөнхийлөгч АНУ-д айлчилсантай холбогдуулан Бээжингийн зүгээс тус аралд "хатуу анхааруулга" өгч байгаа нэг хэлбэр юм.
Тайвань ням гарагт Хятадын 70 орчим онгоц арлыг тойрон ниссэн гэж мэдэгдэв. Мөн тус үеэр Хятадын 11 хөлөг онгоцыг илрүүлжээ.
Хятадын Тайваныг сүрдүүлэх зорилгоор хийж буй энэхүү цэргийн сургуулилт нь өнөөдөр дуусах ёстой.
АНУ-ын Төрийн департаментын албан тушаалтнууд Ерөнхийлөгч Цайгийн АНУ-д хийсэн айлчлалаар түрий барихгүй байхыг Хятад улсаас шаардав.
Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, АНУ "Бээжингийн үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байна" гэж мэдэгдээд "АНУ бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангах, үндэсний аюулгүй байдлын амлалтаа биелүүлэх хангалттай нөөц, чадавхитай" гэж мэдэгдэв.
Эх сурвалж: CNN