/2023.04.03/: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн 7 хоногт гэмт хэргийн шинжтэй 126 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 96 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.
Түүнчлэн эрүүгийн 845 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 22 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 810 хэрэг шалгагдаж байна.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын албан тушаалтан “Н”, “Т” нар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
- Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын албан тушаалтан “О” нь хийх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэх;
- “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч “Б” нь хийх ёсгүй зүйлийг хийсний хариуд хахууль авсан гэх;
- Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргаар ажиллаж байсан “Г” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хандив нэрийдлээр бусдаас 10.000.000 төгрөг шаардаж авсан гэх;
- Цэргийн төв эмнэлгийн удирдах албан тушаалтан “М” нь хувийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд хахууль авсан гэх;
- "Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани болох “Багануур” ХК-ийн албан тушаалтнууд нь өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хахууль авдаг гэх.