/2023.03.30/: ChatGPT гэх мэт хиймэл оюун ухааны платформууд олноор бий болж байгаагаас дэлхий даяар 300 сая орчим бүтэн цагийн ажлын байрыг ямар нэгэн байдлаар булаах боломжтой гэж Goldman Sachs-ийн эдийн засагчид үзэж байна.
Тэдний ням гарагт гаргасан тайланд дэлхийн хэмжээнд нийт ажлын 18 хувь нь компьютержсэн гэж таамаглаж байгаа бөгөөд хиймэл оюун ухааны үр нөлөө нь хөгжиж буй орнуудаас илүү өндөр хөгжилтэй орнуудад хүчтэй мэдрэгдэх аж.
Эдийн засагчдын үзэж байгаагаар барилгын болон засварын ажил гэх мэт бие махбодийн ачаалал ихтэй ажил хийдэг хүмүүсийг бодоход төрийн албаны ажилчид, хуульчид хамгийн их өртөх төлөвтэй байна.
АНУ болон Европын орнуудад одоогийн ажлын байрны гуравны хоёрт нь “тодорхой хэмжээний хиймэл оюун ухааны автоматжуулалт нэвтэрсэн” бөгөөд бүх ажлын дөрөвний нэг хүртэлх хувийг хиймэл оюун ухаан бүрэн гүйцэд хийж чадна гэж тооцоолсон байна.
Хиймэл оюун ухаан нь хөгжүүлэгчдийн тооцоолж байгаа чадваруудыг гүйцэтгэж эхэлбэл хөдөлмөрийн зах зээл ихээхэн асуудалтай тулгарч магадгүй гэж эдийн засагчид үзжээ.
Энэ сард түүний хөгжүүлэгчид ботын ард байгаа програм хангамжийн хамгийн сүүлийн хувилбар болох GPT-4-ийг танилцуулсан юм. Энэхүү платформ нь кодчиллыг хялбарчлах, энгийн ноорогоос хурдан вэбсайт үүсгэх, өндөр оноотой шалгалт өгөх чадвараараа хэрэглэгчдийг гайхшруулсаар байна.
Ийм хиймэл оюун ухааныг цаашид ашиглах нь ажлын байрны алдагдалд хүргэж болзошгүй гэж Goldman Sachs-ийн эдийн засагчид бичжээ.
Ажлын байрууд өөрчлөгдөж болох ч хиймэл оюун ухааныг өргөнөөр нэвтрүүлэх нь эцсийн дүндээ хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, дэлхийн ДНБ-ийг 10 жилийн хугацаанд жил бүр 7 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж Goldman Sachs мэдээлэв.
Эх сурвалж: CNN