/2023.03.30/: Монгол Улсын Засгийн газар иргэдийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, олон нийтэд стандартын боловсрол олгох зорилгоор “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд 2023 оны хоёрдугаар сарын 09-нөөс гуравдугаар сарын 30-ны өдрүүдэд Төрийн захиргааны төв байгууллагууд, аймгуудын Стандарт, хэмжил зүйн хэлтэс тус бүр олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт оролцогчдоос 6987 орчим санал бичгээр болон цахим шуудангаар хүлээн аваад байна.
“Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн нэгдсэн хэлэлцүүлгийг өнөөдөр "Чингис хаан" үндэсний музейн хүндэтгэлийн танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, ШӨХТГ-ын дарга Ц.Уртнасан болон яам, нийслэл, орон нутгийн стандарт хэмжил зүйн салбарын мэргэжилтнүүд, ТББ, иргэд зэрэг 280 гаруй төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “ Бид эмх цэгц, эрэмбэ дараа, чанарын хүртээмжтэй байдлыг тодорхойлж тогтоон, тэдгээрийг хянаж,хэмжиж чаддаг болсон цагт л бодит хөгжилд хүрнэ. Стандарт бол шинжлэх ухаанд суурилсан, Улс орны хөгжлийн гол хэмжүүр, Үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг. Хүн амын амьдралын чанар, хэрэглээний аюулгүй байдлын баталгаа нь байх ёстой. Дэлхий ертөнц,амьдралын хэмнэл өөрчлөгдөж түүнийг даган хүний амьдралын тогтсон дүрэм, хэм хэмжээ ч хурдтай өөрчлөгдөж байна. Гэтэл бид амар тайван ,ая тухтай аж амьдралын наад захын хэрэгцээ шаардлагаа аль ч салбарт бүрэн шийдэж чадаагүй байгаа нь харамсалтай дүгнэлт юм. Нийгэм даяараа стандартыг зарчим болгох, зарчмаа дадал болгон хэвшүүлэх чанар, стандартын соёлыг түгээхэд Та бүхний үүрэг оролцоо, идэвх чармайлт хамгийн чухал юм шүү гэдгийг дахин онцлон хэлье” гэсэн юм.
Эх сурвалж: