Б.Эрхэмбаяр: Хэдий өлсөхгүй, цангахгүй ч эрх чөлөө ямар үнэ цэнтэйг хором бүрт мэдэрч байлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Эрхэмбаяр: Хэдий өлсөхгүй, цангахгүй ч эрх чөлөө ямар үнэ цэнтэйг хором бүрт мэдэрч байлаа

/2023.03.28/: IHC коиныг зах зээлд гаргасан Ихбит компанийн үүсгэж байгуулагчдын нэг Б.Эрхбэмбаяр шүүхээс оноосон нэг сар цагдан хорих таслан сэргийлэх хугацаа нь дууссаны учир суллагдаад байна.

Тэрээр хорих ангид байсан тухай тэмдэглэлийг өөрийн цахим хуудсандаа байршуулсныг хүргэж байна.

"Хорих 461 дүгээр анги тэмдэглэл 1"

Сайн байцгаана уу?

Бүтэн сайн өдөр цагдан хорих 30 хоногийн хугацаа дуусаж гараад ирсэн. Гэхдээ прокурор дахин хорих санал гаргаж удахгүй хэлэлцэх гэж байна. Уг нь хоригдохгүйгээр шалгах боломжтой л санагдаад байгаа юм. Үүнийгээ ч шүүх дээр их л тайлбарлаж байгаа. Гэхдээ энэ удаад энэ процессын тухай бичих гэсэнгүй.

Санаа зовж байгаа хүн олон байгаа тул 30 хоног хэрхэн өнгөрсөн талаараа хуваалцахаар шийдлээ. Өмнө минь нэгэнт хүрээд ирсэн даваа тул даваад л гарна даа, амьдрал гэж сонин юм аа гэж тунгаасан шигээ л цаг хугацааг өнгөрөөлөө. Би чинь эрүүлжүүлэх ч орж үзээгүй хүн шууд л 461-р хаалттай хорих ангид ордог юм байна.

Анхны төсөөлөл их л бүрхэг байсөөн. Гадуур явдаг аман яриа, ганц худгийн талаарх таагүй түүхүүд, сошиалд тархаж байсан бичлэгүүдээр л төсөөлж байв. Ямар хүмүүстэй хамт хоригдох бол, энд юу болдог бол, ар гэрийнхэнтэй минь хэр их уулзуулах бол гээд олон бодлууд эргэлдэж, үнэнийг хэлэхэд жаахан цэрвэж л байлаа. Гэхдээ бодож байснаас хамаагүй дээр нөхцөлтэй байсан шүү.

30 хоногийг өнгөрөөх өрөөндөө орж ирлээ. Өрөөнд надаас нэлээн ах, нэлээн дүү 2 хүн байна. Уул нь би Сайн байцгаана уу? гэж мэндлэв. Хөнжил гудсаа 2 давхарт тавьж байх хооронд манай 2 нэг л дугарч ядаад байна шүү. Би жаахан болгоомжилсон маягтай болоод л нэг давхрын орон дээр суулаа. Тэгсэн нөгөө хоёр гэнэт инээлдээд явчихлаа. Би ч гайхаад яасан гээд инээнгээ асуув. Тэгсэн нөгөө 2 шинэ хүн ороод ирвэл ар хударга шиг болж пранк хийнэ шүү гэж ярилцсан юм гэнээ. Тэр тоглоом цааш үргэлжилсэн бол би бас л нэлээн сандрах байлаа шүү. Харин аз болж тун дажгүй 2 хүнтэй нэг өрөөнд орлоо.

Бүх өрөө камертай бас миний хөдөлгөөн бүрийг камертай хүн дагаад бичлэг хийгээд явдаг учир тэнд нэг нэгнээ дээрэлхэх, зодоон цохион хийх боломжгүй. Бас анх удаа хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийг нэг корпуст хорьдог юм байна. Энэ хэсэг нь нам гүм. Миний хоригдож байгаа хэсэг шилэн хаалт, төмөр тортой учир хоол, цай авдаг жижигхэн нүхээрээ хааяахан нөгөө өрөөнийхнийгөө дуудаад та нар юу хийж байна даа гээд ярилцанаа. Гэхдээ нээх удалгүй ахлагч ирээд яриагаа боль гэдэг л дээ.

Өглөө 6 гээд босно. 8 цагт цай, маслотай талх өгнө. 11 цагийн үед дахиад цай. 13 цагаас 2-р хоол ирнэ. 3 цагаас цай ирнэ. 6 цагт 1-р хоол ирнэ. 7 цагт дахин цай ирнэ. Өрөөнд цаг байхгүй учир хоол, цайгаараа цагийн баримжаа авцгаана. Хэдий өлсөхгүй, цангахгүй ч эрх чөлөө ямар үнэ цэнтэйг минут, секунд бүрээр мэдэрч өнгөрөөдөг дөө. Эрх чөлөө гэдэг хичээлийг ямар ч уран илтгэгч, багш энд ойлгож байгаа шиг минь мэдрүүлэхгүй байх. Өөрийн биеэр мэдэрч байж л үнэ цэнийг нь ойлгох байсан байхдаа.

Хэдий өлсөхгүй, цангахгүй ч гэр бүл найз нөхөд хамт олноо маш их санана. Ажилдаа ч санаа зовно. Энд юу л байна юм бодох хугацаа л байна. Гэхдээ бодлоо бас цэгцтэй байлгахгүй бол хүүхдүүдээ санаад сэтгэл санаа шууд л тогтворгүйтээд эхэлнэ. Аль болох өрөөнийхөө хоёртой юм ярьж өөрийгөө сатааруулахгүй бол хүүхдүүдээ санаад сэтгэл санаагаар уначих гээд байдаг нь их хэцүү. Гэхдээ 7 хоногийн дараагаас арай гайгүй болсон л доо.

14 хоногт нэг удаа гэрийнхэнтэйгээ 15-20 минут шилний цаанаас уулздаг. Энэ өдрөө л тэсэн ядан хүлээнэ. Уулзалтын 20 минут 2 минут шиг л хурдан өнгөрдөг. Миний эхнэр уулзахдаа 2 охины минь зургийг шилэн дээр тавиад харуулна. Хүүхдүүдийнхээ зургийг харахаар л хоолой дээр том юм тээглээд хэцүү болчихдог. Би хэзээ ч ийм удаан гэр бүлээсээ хол байж үзээгүй хүн шүү дээ. Энэ л хамгийн хэцүү байдаг.

Долоо хоногт 2 удаа наралгаанд гардаг. Тэнд бусад өрөөнд хоригдож байгаа хүмүүстэй богино хугацаанд ярилцах боломж гарна. Бие биеийнхээ зүйл ангийг асууна. Тэнд байгаа хүмүүс хоригдох зүйл ангиудыг бараг л бүгдийг нь цээжилчихсэн байдаг юм байна лээ. Надаас бас асууна. "18, 19, 2.1, 2.2" гэж хэлэхээр гайхаад, ямар хэрэг вэ гээд их сонирхоно. Монголд анх удаа энэ зүйл ангиар шалгагдаж байгаа болохоор хүмүүс мэдэхгүй байх нь аргагүй л дээ.

Мөнхжин, Гантиг бид 3 өөр, өөр давхарт байдаг учир наралгаан дээр таарах боломжгүй. Ховорхон холоос нэгнээ харах боломж гарнаа. Цагдан хоригдоод шалгагдаж байгаа хүмүүс урьд нь дарга, цэрэг, баян, ядуу ер нь хэн байсан ялгаагүй хорих ангийн дүрэм журмыг маш сайн мөрддөг.

Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын ажилчид ч мөн адил ялгаж харьцахгүй. Бүгдтэй нь яг ижилхэн харьцдаг. Бид нартай ер нь их зүйл ярихгүй. Зөвхөн шаардлагууд л тавьж ажилладаг. Харин хорих ангийн төлөөлөгч нар нь хүмүүстэй их харилцана. Манай давхрын төлөөлөгч залуу их хүн чанартай хүн шиг санагдсан. Та хэд дажгүй юу гэж их асууна өмгөөлөгч авах боломжгүй хүмүүст улсын өмгөөлөгч гэж байдаг, тэрийг ингэж авна, хүсэлтээ ингэж бичнэ, заавал өмгөөлөгчтэй болох хэрэгтэй гээд л сэтгэлээсээ зааж зөвлөж байхыг нь наралгаан дээр хэд хэдэн удаа харсан.

Амьдралд тэгээд тааварлашгүй сонин үйл явдлууд тохиолдох юм аа. Өрөөнийхөө ахыг нэг л харсан санагдаад болдоггүй. Нэг л танил царай. Танайх хаагуур байдаг вэ? Ямар ажил хийдэг вэ? гээд асуутал харин Наран туул зах дээр тэрэг түрдэг гэж байна. Тэгсэн яагаад харсан санагдаад байгаагаа ойлгов. Би 8 настайдаа Наран туул зах дээр тэрэг түрдэг байсан юм. Тэнд харж байсан ах байдаг юм. Бид 2-ын яриа ч ёстой ундарч өгсөөн.

Хэн, юу хийж байгаа, хайлмагтай боорцог зардаг эгч байгаа эсэх гээд л ярьж гарав. Нөгөө эгч маань хоол зардаг болоод томорсон л гэнэ гээд 30 жилийн өмнөх зүйлсээ хэдэн өдрийн турш ярилцсан даа. Би тухайн үед тэрэг түрдэг байхад тэргээ өдрийн 2500 төгрөгөөр түрээслээд өдөрт дунджаар 4000-7000 төгрөг олдог байсан. Тэгээд олсон мөнгөнөөсөө 2500 төгрөгийг маргаашийнхаа түрээсэнд хадгалдаг байсан. Ах харин 3 дугуйтай том тэрэгтэй арай илүү орлоготой.

Хүний амьдрал үнэхээр хачирхалтай юмаа. Олон жилийн дараа тэнд ингэж таардаг. Ахыг гарахаар ажилд авахаар болсон. Шалгагдаж байгаа хэрэг нь ял авах хэмжээний ноцтой биш. Удахгүй гараад ирнэ гэсэн. Хэн түрүүлж гарна нэг нэгийгээ хүлээгээд байж байя гэж тохиролцсон юм. Тэгсэн би бүтэн сайн өдөр гарахаар болоод утсыг нь дэвтэр дээрээ тэмдэглэж аваад гарах гэтэл шалган дээр дугаар бичсэн цаасыг минь ураад авчихсан. Эндээс утасны дугаар захиа авч гарах нь хориотой байдаг гэсэн. Гэхдээ хаанаас олохоо мэдэж байгаа дахиад уулзах л болно. Харин ах гараад явсан бол намайг хаанаас олохоо мэдэхгүй жаахан хэцүү байна байх. Надтай адил миний утасны дугаар хураагдаад үлдэх байх. Уул нь энэ постыг хараад холбогдвол сайн л байна. Даанч ах facebook ашигладаггүй учир бараг л боломжгүй байх. Гэхдээ би ахыг заавал олж уулзаж хэлсэн амлалтуудаа биелүүлэх болно.

Тэнд бодох цаг хугацаа их байгаа учир арилжааны номоо харин сайн явуулж байгаа.

Бичих зүйлс маш их байгаа ч энэ хүргээд түр завсарлая даа.

Хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн дийлэнх нь залуу хүмүүс байгааг хараад сэтгэл өвдөж байсныг нуух юун. Монгол улс хөгжиж залуус минь нийтээрээ ажилтай, хангалттай орлоготой болж сайхан нийгмийг бүтээлцэх учиртай шүү. Залуус минь гишгэх алхам бүрээ сайтар тунгааж, эрх чөлөөт амьдралынхаа секунд бүрийг хайрлаж явах хэрэгтэй.

Өөрийн шалгагдаж байгаа хэргийн талаар ярих боломжгүй учир бичсэнгүй шүү ойлгоорой.

Хүндэтгэсэн Б.Эрхэмбаяр

“Хүний эрхийн цогцолбор төв“ байгуулна
“Хүний эрхийн цогцолбор төв“ байгуулна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.