Дугаар сургуулийн багш2: Багш нар маш их ачаалалтай болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дугаар сургуулийн багш2: Багш нар маш их ачаалалтай болж байна

mpress.mn сайт та бүхэндээ багш нарын ажлын ачаалал, сурагчдын хоцрогдлын талаарх цуврал ярилцлагыг хүргэж байна. Бид өчигдөр Улаанбаатар хотын нэгэн сургуулийн багшийн ярилцлагыг хүргэсэн билээ. Тэгвэл өнөөдөр орон нутгийн, тэр дундаа Сэлэнгэ аймгийн нэгэн сумын ерөнхий боловсролын сургуулийн багшийн ярилцлагыг хүргэе.

Шаардлагатай зарим шалтгааны улмаас бид ярилцлагын эзний сургууль, нэр зэргийг нууцалж байна.

-Өнгөрсөн жил танай ангийн хүүхдүүдийн хичээлийн хоцрогдол хэр их байсан бэ?

-Манай ангийн хүүхдүүдийн хувьд хичээлийн хоцрогдол бага байсан. Хамгийн ихдээ 10 хувийн л хоцрогдолтой. Манай анги 38 хүүхэдтэй. Тэгэхээр 4-5 хүүхэд л хичээлийн хоцрогдолтой байгаа гэж хэлж болно.

-Танай ангийн сурагчдын хоцрогдол яагаад гайгүй байсан гэж бодож байна вэ?

-Сурагчдадаа хичээлээ гүүгл мийт /google meet/-ээр ордог байсан. Анх хөл хорионд орж онлайнаар хичээллэхэд даалгавруудаа presentation хэлбэрээр бэлтгэж оруулдаг байсан. Тэр үед эхний 4 өдөр сурагчид теле хичээл үзэж 5 дахь өдөр ангийн багш нар нь мэдлэгийг нь бататгах журмаар явдаг байсан. Миний хувьд заавал 5 дахь өдөр гэхгүйгээр долоо хоногт 3 удаа сондгой тоотой өдрүүдэд сурагчдадаа хичээл орж байлаа. Энэ утгаараа манай ангийн хоцрогдол бага байсан байх.

-Онлайнаар ороход хэр их ачаалалтай байсан бэ?

-Маш их ачаалалтай байсан. Гүүгл мийт /google meet/-ээр орохоор зарим хүүхдүүд маань хаягаа нээгээгүй, зарим хүүхдийн эцэг эх ажилтай учир хичээлдээ орж ирж чадахгүй гэх мэт бэрхшээл байсан. Эхэндээ манай ангийнхан бараг орж ирдэггүй байсан. Сүүлдээ бараг ангийн бүх сурагч 100 хувь хичээлдээ хамрагддаг болсон.

-Эзэмших ёстой чадваруудаа хэр эзэмшсэн бэ?

-1-3 ангийн хүүхдүүд дүн гаргадаггүй. Багш бол хувийн журнал дээр өөрийнхөө дүнг гаргадаг. Одоо бол хувь тавихаа больсон. Тооцов гэж тухайн хүүхдийн хувийн хэрэг дээр тавьдаг. Тэр нь тухайн хүүхэд өөрийн эзэмших ёстой мэдлэгийг сурсан гэсэн үзүүлэлт гэсэн юм.

-Танай ангийн хичээлийн хоцрогдол гайгүй учир өмнөх жилийн хичээлийн агуулгаа дахиж нөхөх шаардлагагүй гэсэн үг үү?

-Ганц, хоёр хичээлийн хоцрогдолтой хүүхэд байгаа учир эхний нэг хоёр сар өмнөх жилийн хичээлийн агуулгаа үзэж, бататгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-БШУЯ-наас сурагчдыг 5/9 зарчмаар хичээллүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Манайх олон хүүхэдтэй болохоор хоёр хуваагдаж орж байгаа. Эхний 5 хоногт сурагчдын тал хувь нь танхимаар хичээллэж үлдсэн нь онлайн хичээл үзнэ. Харин дараагийн долоо хоногт нь танхимаар орсон хүүхдүүд онлайн хичээл үзэх байдлаар зохицуулалт хийсэн.

-Ингэж зохицуулалт хийх нь танд хэр санагдаж байгаа вэ?

-Цөөхөн хүүхэдтэй ангиуд энэ байдлаар хичээллэнэ гэвэл асуудалгүй болж байна. Харин миний хувьд өглөө танхимаар хичээлээ орчихоод өдөр бас онлайнаар хичээл заах болчихоод байгаа юм. Ингэхээр маш их ачаалалтай ажиллана гэсэн үг.

-Цаашид хөл хорио тогтоовол хүүхдүүдийн сурлагын чанарт хэрхэн нөлөөлөх вэ?

-Энэ жил хүүхдүүд маань бараг танхимаар хичээл ороогүй. Тэр дотор онлайнаар ч хичээлдээ суугаагүй хүүхдүүд байгаа. Хэрэв дахиж хөл хорио тогтоовол хичээлдээ суугаагүй хүүхдүүдийн сурлага эрс муудах сул талтай. Мөн бусад хүүхдүүдийн хувьд үсгээ зөв, буруу бичиж байгаа нь тодорхойгүй. Уг нь танхимаар хичээллэвэл амьд харилцаа үүсгээд алдаа бүрийг нь шалгаад явахад амар байдаг. Тиймээс одоо танхимаар хичээллэж байх үед нь сайн зааж, зөвлөөд явах хэрэгтэй гэж бодож байна.

-Таньд хөл хориотой үед онлайнаар хичээл ороход өөр ямар хүндрэл, бэрхшээлүүд гарч байсан бэ?

-Эхэндээ сурагчид өгсөн даалгаврыг маань хийж явуулдаггүй болохоор хүндрэлтэй байсан. Тиймээс сурагчдаа идэвхитэй хамруулахын тулд presentation бэлтгэж тавихгүйгээр өөрөө самбар дээр хичээлээ заадаг болсон. Мөн заавал тоо бодуулж, уншиж бичүүлэхгүйгээр хамгийн эхний цаг дээрээ дүрслэх урлаг, цаасан урлалын хичээлээ орчихдог байсан. Тэгэхээр хичээл нь илүү сонирхолтой, хүүхдүүд олноороо хичээлдээ хамрагддаг. Тиймээс сүүлдээ онлайн хичээл ороход боломжийн санагддаг болсон.

Өнөөдөр нийт 3805 тохиолдол бүртгэгдлээ
Өнөөдөр нийт 3805 тохиолдол бүртгэгдлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.