Г.Сайханбаяр: Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь эгнэгт мандан бадрах болтугай
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Сайханбаяр: Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь эгнэгт мандан бадрах болтугай

May be an image of 1 person, standing and military uniform

/2023.03.17/: Маргааш болох Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулж Батлан хамгаалахын сайд мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрээр,

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин, Төрийн цэргийн байгууллагуудад алба хааж буй эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч нар, даян дэлхийн энхийн үйлсийн төлөө хилийн чанадад үүрэг гүйцэтгэж буй Энхийг сахиулагчид, Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт ухамсарт амьдрал, залуу халуун насаа зориулан зүтгэсэн ахмад дайчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмадууддаа Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Тэртээ 1921 онд Ардын журамт цэргийг эмхлэн байгуулж, цэрэг, зэвсгийн хүчээр улс үндэстнээ харийн дарлалаас чөлөөлж, туурга тусгаар улсаа сэргээн мандуулах үндэсний ардчилсан хувьсгалыг эхлүүлснээр зуун, зууны түүхийн хуудсыг өртөөлсөн “Монгол цэрэг”-ийн шинэ үе, орчин үеийн Зэвсэгт хүчний түүхийг эхлүүлсэн түүхтэй билээ.

Түүхэн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн болон бүс нутгийн цэрэг-улс төрийн байдал, цэргийн хэрэгт гарсан хувьсал, зэвсэгт тэмцлийг явуулах онол, практикийн өөрчлөлт, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, түүнтэй уялдан гарсан батлан хамгаалах бодлоготой нийцүүлэн хөгжлийнхөө амаргүй үе шатыг даван туулж өнөөгийн түвшинд хүрээд байна.

Эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах баатарлаг тэмцлийн дайчин түүхээ улам зузаатгасаар буй Монгол Улсын Зэвсэгт хүчин өнөөдөр хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, дэвшүүлсэн зорилго, зорилтоо өндөр үр дүнтэйгээр хэрэгжүүлж, ажил хөдөлмөр, амжилт бүтээлээр дүүрэн байгааг баярын энэ өдөр тэмдэглэхэд таатай байна.

Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин нь төрийн батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлж, бэхжүүлэхэд амжилт гарган, эрх зүйн орчноо улам төгөлдөржүүлж, гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөтгөн, улс орныхоо стратегийн бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцож, алба хаагчдынхаа ажиллах, амьдрах орчин, нөхцөлийг сэргээн сайжруулж, цалин хөлсийг нэмэгдүүлэх бодлого, шийдвэр гаргасан зэрэг олон ажил, арга хэмжээг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүллээ.

Цаашид бид Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан уян хатан, оновчтой батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэн, гадаад харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлж, дэлхийн болон бүс нутгийн орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэн, улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, оршин тогтнохуйн аюулгүй байдлыг найдвартай хангах эрхэм зорилгыг тууштай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Мөн төр, засгаас хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд болон Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-д батлан хамгаалах талаар тусгагдсан зорилтыг хангахад Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний алба хаагчид манлайлан оролцох болно.

Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчид болон Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжлийн төлөө мөр зэрэгцэн зүтгэж байгаа эрхэм хамтран зүтгэгчиддээ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлье.

Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь эгнэгт мандан бадрах болтугай.

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД

ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Г.САЙХАНБАЯР гэжээ.

Эх сурвалж: БХЯ

АНУ-ын нисгэгчгүй онгоц оросын онгоцтой мөргөлдсөн бичлэг ил боллоо
АНУ-ын нисгэгчгүй онгоц оросын онгоцтой мөргөлдсөн бичлэг ил боллоо
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.