/2023.03.17/: Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, гэр бүлдээ зориулах цагийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлд зарцуулах цагийг багасгах зорилгоор төв байгууллагын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.
Тодруулбал, гуравдугаар сарын 01-ний өдрөөс Төв байгууллагын албан хаагчдын ажлын цагийн горимыг 08:15-16:00 цаг хүртэл, иргэдэд үйлчлэх үндсэн чиг үүрэг хариуцсан Виз, зөвшөөрлийн газар, Зөрчил шалган шийдвэрлэх газар 08:00-16:30 цаг хүртэл ээлжийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэхээр болжээ.
Түүнчлэн зайнаас ажиллах боломжтой зарим албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллах боломжийг бүрдүүлсэн байна. Ингэснээр албан хаагчдын гэр бүл, үр хүүхдэдээ зарцуулах цаг нэмэгдэж, ажил, амьдралын тэнцвэрийг хангахаас гадна цахимаар ажилласнаар албан хаагчдын ажлын бүтээмж нэмэгдэх, технологийн ур чадвар, мэдлэг нэмэгдэх, цахим орчинд ажиллах зөв дадлыг хэвшүүлэх зэрэг эерэг нөлөөллийг бий болгоно гэж үзэж байгаа аж.
Мөн ийнхүү бусад байгууллагаас ялгаатай цагийн хуваарьт шилжиж, албан хаагчдыг цахимаар ажиллах боломжийг бүрдүүлснээр авто замын түгжрэлийг бууруулах ч чухал ач холбогдолтой гэв.
Эх сурвалж: ГИХГ