/2021.09.02/: Монгол Улсын зэрлэг ан амьтдыг хамгаалах бодлого ямар вэ? Олон улсад энэ талаар бид ямар хэмжээнд яригддаг вэ? Энэ талаар тодруулахаар бид Монголын амьтан, ургамлын оюуны өмч эзэмшигчдийн холбооны тэргүүн, МУ-ын Шинжлэх ухаан, Байгаль орчин, Соёлын Тэргүүний ажилтан Г.Амарсанаатай уулзаж ярилцсан юм.
-Зэрлэг амьтдыг хамгаалах олон улсын ямар конвенцуудад манай улс элсэн орсон байдаг вэ?
-Манай улс элсэн орсон он, сар, өдрөөр нь жагсаавал
- 1993.06.01- Биологийн төрөл зүйлийн тухай конвенц,
- 1995.05.04-Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц /CITES/,
- 1996.08.22- Ган, цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнуудын болон ялангуяа Африкийн цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц,
- 1997.06.05-Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай /Рамсарын конвенц/,
- 1999.06.24-Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай Боннын конвенцид нэгдсэн байдаг.
Эдгээрийг бид заавал биелүүлэх ёстой. Мөн НҮБ-ын таван олон улсын гэрээ болон Био-аюулгүй байдлын тухай Картагенийн Протокол бий.
-Саяхан зэрлэг амьтан агнах ангийн квотын талаар нэлээд маргаан дэгдсэн. Ер нь манай улсад одоогоор ямар нөхцлөөр, хэрхэн квот тогтоодог вэ?
-Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн гэж заасан.
Энэ нь энгийн үгээр амьтан, ургамлаас олж буй орлогын 90 хувийг орон нутаг авдаг гэсэн үг. Харин улсын тусгай хамгаалалттай газар нутаг хуулийн дагуу илүү нарийн анхаарал тавихыг шаардах тул 85 хувь нь орон нутаг болон нийтэд зориулагдах ёстой гэсэн үг юм.
Олон улсын гэрээний дагуу 10-15 хувиар нь нөхөгддөг баялгийнхаа нөөцийг олон улсын жишигт нийцсэн аргаар жилд 1-2 удаа тогтоож ашиглах хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв тогтоох, хяналт тавих, байгалийн гамшиг болон хууль бус олзворлолтоос хамгаалах, иргэдэд экологийн зөв, ойлгомжтой мэдлэг олгох, амьтан, ургамлаа өсгөх тэргүүний технологи нэвтрүүлэх, гадаадын холбогдох байгуулагуудтай хамтран ажиллах, амьтан, ургамлын баялгаа гадаад улсуудад сурталчлах гэх мэт ажилд зарцуулах ёстой.
Гэтэл өнөөдөр Амьтны тухай хуулийн Агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох гэсэн 26 дугаар зүйлийн 26.3-д Тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан. Энэ дагуу жил болгон Засгийн газрын тогтоолоор цөөн тооны ан амьтан агнах эрх олгож, тусгай зөвшөөрлийг хэдхэн хүнд өгч байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалтыг зөрчиж байгаа юм.
Жишээ нь, Монгол Алтайн угалзыг 150 мянган доллараар гадаадын анчин агнадаг гэх боловч улсад 20 мянган доллар орж үлдэх дийлэнх мөнгө болох яг хэдэн доллар хаашаа орж байгаа нь огт тодорхойгүй байна. Энэ нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн Байгаль орчныг хамгаалах талаарх төрийн чиг үүрэг, зарчим гэсэн 5 дугаар зүйлийг зөрчдөг. Энэ зүйлд “Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх” гэснийг мөн зөрчиж байна.
-Тэгвэл ан амьтан агнах квотыг олон улсад яаж тогтоодог вэ?
-Яг яаж олон улсын квот авах тухай журмыг хэн ч байсан Conf. 14.7 (Rev. CoP15) on Management of nationally established export quotas линкээр ороод харж болно.
Сурв: Энэхүү линкэд ан агнуурын квотыг ил тод тогтоох, CITES-ын сайтад мэдээллийг нийтлэх, аливаа засвар орохоор бол энэ талаар заавал мэдэгдэж байх зэргийг заажээ. CITES-ийн гишүүн 180 гаруй улс орнуудын зэрлэг амьтан агнах квотын жагсаалтад манай улс байхгүй. Зүй ёсоор бол энэ жагсаалтад манай улс байх ёстой. Гэвч ярилцагчийн өгүүлсэнчлэн квотыг Байгаль орчны яам тогтоож, түүнийгээ мэдээлдэггүй байна. Жишээ нь, Монгол Улс 2021 онд 100-н аргаль угалз, 120-н тэх, 60-н халиун буга агнах квот гаргасан. Гэвч олон улсын жагсаалтад энэ талаар байхгүй гэдгийг доорх зургаас харж болно.
-Хэрвээ манай улсын ан агнуурт квот тогтоодог систем, арга хэлбэр нь буруу бол үүний хариуд бид олон улсад ямар хариуцлага үүрэх вэ?
-Их чуулганаараа Талууд гэх бүрэн эрхэт гишүүн улсуудаар Монголоос ганц ч зүйл амьтан, ургамал авахгүй байх, ганц ч ан гадны анчдаар агнуулахгүй байх шийдвэр гаргаж болзошгүй. Ингэвэл бид хоёр хөрш, хэдэн “стан” улсуудтайгаа л үлдэнэ дээ. БОАЖЯ олон улсын жишигт нийцэхгүй аргаар амьтан, ургамлын нөөц тогтоох ажлыг улсын төсвийн мөнгөөр хааяа хийлгэж иргэдээ хуурдаг. Тухайлбал, 100 гаруй сая төгрөгийн аргаль, хулан гэх мэт тууртны нөөц тогтоох тендерийн ажил юу болж дампуурсныг наад яамнаасаа асуу.
-Ан агнуурын квотыг далдуур байдлаар олгодог энэ системээс хэн, юу, хэрхэн хохирч байгаа вэ?
-Нөхөгдөх баялгаа зохистой ашиглах нь байгаль болон иргэдэд ашигтай. Харин хуулиа зөрчин тас харамлаж зохисгүй ашиглах нь яамны сайд, түшмэд авилга аван баяжихад ашигтай. Тас харамлан хулгайн ан, ургамлын хууль бус олзворлолтыг гааруулж байгаль сүйдэн, экологийн цагдаагийнхан аргаа барах нь эд нарт ёстой падлий ч байхгүй.
Учир нь олон улсын квот авчихвал хэн ямар үнэ өгч байгаа нь ил болчихно. Ингэснээс олон улсын зах зээлд 200 мянган доллар хүрдэг идлэг шонхорын 12-хон мянгыг нь, 150 мянган доллар хүрдэг Алтайн угалзнаас 20-хон мянгыг нь улсад тушааж үлдсэнийх нь нэлээд хэсгийг халааслах нь эдгээр авилгачдад ашигтай. Иймээс л олон улсын квот авч бүх зүйлийг иргэддээ ил болгоё гээд байгаа юм.
Орон нутгийнхан орж буй нийт орлогын 85-90 хувийг авч байж амьтан, ургамлаа жинхэнэ ёсоор хамгаалагдаж арвижан цөлжилтөөс ангижрана гэхээр БОАЖЯ биднийг дайсан мэт үздэг.Энэ яам хуулиа зөрчин зохисгүй ашиглалт явуулж байгаагаас болж монголчууд бид түүхэндээ байгаагүй ихээр цөөн ан амьтан, байгалийн ургамал, цэвэр усны нөөцтэй болж газар нутгийхаа 76,8 хувийг цөлжүүлж үүний 15 хувь нь дахин сэргэхгүй болсон. Үүнээс илүү хохирол гэж юу байхав.
-Яаж засаж залруулж болох вэ?
-Зүгээр л үг дуугүй Үндсэн хууль болон бусад хууль бас олон улсын гэрээгээ биелүүлэх ёстой.
-Засаж залруулахгүй бол ан амьтдын тухайд ямар хохирол тохиож болзошгүй вэ?
-Юун болзошгүй бүр болчихоод байна. Монгол улсад 1980-д онд 40 мянга орчим аргал хонь, 140 мянга орчим халиун буга тоологдож байсан. Гэтэл 2001, 2004 оны тооллогоор 13 мянга орчим аргаль хонь, 10 мянга орчим халиун буга тоологдож тоо толгой нь хэдэн арав дахин буурав.
Ховор, нэн ховор амьтдын тоо толгой энэ яам авилгажсанаас болж сүүлийн 10 орчим жилд 70-90 хувь огцом буурч, бэлчээрийн цөлжилтөөс шууд шалтгаалж, биеийн эсэргүүцэл нь суларснаас зөвхөн манайд л байдаг Монгол бөхөнгийн 55 хувь нь 2016 онд халдварт мялзан өвчинд нэрвэгдэн сүйрэв. Мөн бэлчээрийн талхигдалтаас болж бас л биеийн эсэргүүцэл нь суларснаас махан идэшт амьтдын дунд галзуу өвчин сүүлийн жилүүдэд байнга гарч байна.
Ховор амьтнаар ч зогсохгvй элбэг гэж тооцогддог агнуурын ач холбогдолтой тарвага, цагаан зээр зэрэг амьтдын тоо толгой ч эрс цөөрсөн. Тухайлбал, энэ яам байгуулагдахаас өмнө жилд 1 сая ширхэг тарваганы арьс экспортод гаргадаг байсан монголчууд өнөөдөр 1 ширхэг арьс ч гаргаж чадахгүй болчихоод сууж байна. Мөн тарваган тахлын давтамж ч бэлчээрийн доройтолтой шууд холбоотой гэдэг нь экологийн наад захын ойлголттой хэнд ч мэдээжийн зүйл. Дэлхий нийтийн хамгийн үнэт, чухал баялаг болчихоод байгаа монголчууд “чандмань эрдэнэ” гэж чухалчлан нэрлэж ирсэн цэвэр усны нөөц гэхэд л 2016 оны гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 774 булаг, шанд, 263 гол горхи, 346 нуур хатаж ширгэсэн дүн гарав.
-Олон улсаас манайд энэ асуудлаар ямар нэгэн анхааруулга, санамж ирсэн үү?
-Зөндөө ирсэн. Манай БОАЖЯ ямар хөдлөх биш. Зүгээр л сайд, дарга нар болон иргэдээс нуучихдаг. Ер нь тэгээд яамны тойм тоо гаргадаг амьтны тооллого, ургамлын нөөцийг олон улс хүлээн зөвшөөрөхгүй. Олон улс хүлээн зөвшөөрөхгүй учир амьтан, ургамалдаа олон улсын квот авахгүй. Квот авахгүй учраас олон улсын гэрээнийхээ квот авах, зөвшөөрөл олгох журмыг хэрэглэхгүй. Квот авах, зөвшөөрөл олгох журмыг хэрэгжүүлдэггүй учраас CITES-ийн Байнгын Хорооноосоо тогтоол гаргаж Монгол улсаас ганц ч зүйл амьтан, ургамал гаргахгүй байх шийдвэрийг Их Чуулганаараа гаргуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Хэрэв ийм шийдвэр гарсан бол Монгол Улс энэхүү конвенцийн хар жагсаалтанд орж эдийн засаг, улс төрийн хувьд олон улсад маш том хохирол хүлээнэ. Иймээс бид илтгэл явуулж албан ёсны урилга аван монголын мэргэжлийн ТББ-ын төлөөлөгчийг сүүлийн Их Чуулганд оролцуулж энэ асуудлыг түр зогсоосон. Гэхдээ бид өнөөдөр БОАЖЯ-ныхаа “буянаар” байгаль хамгаалах асуудлаар нөгөө муу хэлээд байдаг афоикийн улсуудаас хол хоцорч, “стан” улсуудтай яг адилхан хар жагсаалтын өмнөх саарал жагсаалтын тэмдэглэгээтэй байгаагаа огт мартаж болохгүй .Олон улсынхаа өмнө хүлээсэн үүргээ БОАЖЯ нь санаатайгаар биелүүлэхгүй байгаа улс өөр яах ч билээ.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.