/2023.3.16/ Amazon компани нам өндрийн хиймэл дагуулын(LEO) сүлжээ үүсгэх Kuiper нэртэй төсөл хэрэгжүүлж буй талаар та хаа нэгтээ сонссон байх.
Kuiper хиймэл дагуулын сүлжээг ашиглан, тус компани 2024 оноос хэрэглэгчдэд интернэтийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа ба үүнд ашиглах 3 төрлийн хиймэл дагуулын хүлээн авагч төхөөрөмжийг тэд танилцууллаа.
Өрхийн хэрэглээ болон жижиг бизнесийн хэрэглээнд тохиромжтой стандарт хүлээн авагч төхөөрөмж нь 400 орчим ам.долларын өртөгөөр бүтэж байгаа бөгөөд хэрэглэгчид хэдэн доллараар худалдан авах болон сард хэдэн долларын үйлчилгээний төлбөр төлөх талаарх мэдээллийг хараахан өгөөгүй байна.
Тэдний “стандарт” гэж нэрлэж буй энгийн хэрэглээний багц төхөөрөмж нь урт, өргөнөөрөө 28см орчим хэмжээтэй квадрат хэлбэртэй, 2.54 см зузаантай антенн байх ба тогтоогч суурийг нь оруулахгүйгээр 2.2 кг жинтэй байна гэжээ.
Бие жижиг ч бэлчээр томтой гэж хэлж болохуйц тус төхөөрөмж нь 400 мегабит/секунд хүртэлх хурдаар интернэтийг дамжуулах бөгөөд овор хэмжээ ойролцоо бүх хүлээн авагчуудаас хамгийн өндөрт тооцогдох хурд юм.
Гэхдээ хэрэглэгч дээр ирэх интернэтийн бодит хурд нь төхөөрөмжийн хүчин чадлаас гадна хиймэл дагуулын тоо, тухайн бүс нутагт нэг хиймэл дагуулд оногдох хэрэглэгчдийн тоо зэргээс хамаардаг гэдэг нь SpaceX Starlink интернэт хэрэглэгчдийн туршлагаас харагдаж байгаа билээ. Amazon компанийн танилцуулгад татах хурд(download speed), болон илгээх хурд(upload speed)-ны зөрүүтэй байх эсэх талаар огт дурдагдаагүй ч уламжлал ёсоор илгээх хурд нь ялимгүй бага байх болов уу гэсэн таамаглал бидэнд байна.
Мөн дээрхээс гадна арай хямд өртгөөр үйлдвэрлэгдэх, “стандарт”-аас жижиг хүлээн авагчийг санал болгоно гэдгээ тус компани мэдээлсэн. Өөрсдийнх нь нэрлэж байгаагаар “ultra compact” гэгдэх энэ төхөөрөмж нь мөн л квадрат хэлбэртэй, хааш хаашаа 18 см орчим хэмжээтэй, 450 гр жинтэй байх ба 100 мегабит/секунд хүртэлх хурдаар интернэт дамжуулах ажээ.
Энэ төхөөрөмж нь хямд үнэтэй интернэт хэрэглэх хүсэлтэй хувь хүмүүс болон зайлшгүй холболт шаардлагатай, юмсын интернэт (IoT) ашигладаг төрийн байгууллагууд, жижиг хувийн хэвшлүүдэд илүү тохирно гэж Amazon танилцуулжээ.
Гуравдах санал болгож буй төхөөрөмж нь өмнөх хоёр хувилбараасаа илүү том буюу 48 см өргөн, 76 см урттай хүлээн авах антенн ба 1 гигабит/секунд хурдтайгаар интернэт түгээх юм. Мэдээж хэрэг өндөр хүчин чадалтай учраас өргөн зурвасын интернэтэд суурилсан харилцаа холбооны программууд ашигладаг том компаниуд, төрийн байгууллагуудад илүү тохиромжтой гэж мэдээлэлд дурдсан байна. Анх 2020 оны 12-р сард эх загвараа танилцуулж байснаас хойш тус компани интернэт хүлээн авагчаа тасралтгүй хөгжүүлсээр сая танилцуулж буй нь энэ юм.
Хүлээн авагч төхөөрөмжүүд болон Kuiper хиймэл дагуулууд нь бүгд Amazon компанийн өөрийн зохион бүтээсэн Prometheus нэртэй чипээр тоноглогдсон ба энэ чип нь 5G сүлжээнд ажиллах ухаалаг утсанд суурилуулдаг төдийгүй, гар утасны газрын станцад ашиглагддаг, нэг доор олон холболт зэрэг үүсгэх, зохицуулах чадвартай чип юм. Ялангуяа хиймэл дагуулд ашиглагдаж байгаа Prometheus чип нь үүрэн холбооны газрын станцад ашиглагддагтай ижил 1 терабит/секунд холболт дамжуулах чадалтай хүчирхэг төхөөрөмж ажээ.
SpaceX ба Амазон компанийн интернэтийн
үйлчилгээний талаар товчхон
Kuiper төсөл нь анх 2019 онд хэрэгжиж эхэлсэн ба одоогоор хэрэглэгчид өргөнөөр хэрэглэж эхэлсэн Starlinkинтернэттэй хүчтэй өрсөлдөх бэлтгэлтэй байгаа юм. Starlink нь сансрын хүлээн авагчийнхаа үнийг 499 ам.доллар байсныг өнгөрсөн жил 599 болгож нэмэгдүүлсэн ба хэрэглэгчдийн сарын төлбөрийг ч нэмээд байгаа.
Тухайлбал, холболт хязгаарлагдмал гэгдэх бүс нутагт сардаа 120 ам.доллар төлж байгаа бол хэрэглэгч ихээр суурьшсан бүсэд сард 90 ам.доллар төлж байгаа юм. Мөн Starlink нь нэг хүлээн авагчаа 3000 орчим ам.долларын өртгөөр бүтээж байгаа ба үүнийгээ 1500 ам.доллар болгон бууруулах зорилт тавин ажиллаж байгаа билээ.
Amazon компани нь анх 2020 онд АНУ-ын Харилцаа Холбооны хороонд хүсэлт гаргахдаа 578 хиймэл дагуул хөөргөж дууссаны дараа хэрэглэгчдэд интернэтээ хүргэнэ гэж мэдэгдэж байсан ба дээр дурдсан хиймэл дагуулуудыг 2024 оны эхний хагаст багтаан хөөргөнө гэж байсан юм. Харин сая хийсэн мэдээлэлдээ энэ оны эхээр туршилтын хоёр хиймэл дагуулаа хөөргөж, улмаар 2024 оны сүүлч гэхэд хэрэглэгчдэд интернэтээ түгээж эхэлнэ гэжээ.
Тус компани АНУ-ын Харилцаа холбооны хорооноос нийтдээ 3236 хиймэл дагуул хөөргөх зөвшөөрөл аваад байгаа ба 2022 онд үүний 83 ширхгийг нь 5 жилийн туршид Arianespace, Blue Origin болон United Launch Alliance компаниудтай хамтран хөөргөхөөр болсноо зарлаж байв. Эдгээр хиймэл дагуулууд нь дэлхийгээс 590-630 км-ийн өндөрт байрлах юм.
SpaceX компани нь одоогийн байдлаар тойрог замд 3750 хиймэл дагуул хөөргөөд байгаа боловч хэрэглэгч нэмэгдэхийн хэрээр холболтын хурд нь буурсаар байна. Хэдийгээр тус компани хот суурин газрын хэрэглэгчид ч Starlink интернэт хэрэглэх боломжтой гэж мэдэгдэж байгаа ч бодит байдал дээр холболтын захиалгууд нь нилээн хүлээгдэж байж биелж байгаа юм.
SpaceX саяхан сайжруулалт хийсэн, хоёрдугаар үеийн 21 ширхэг хиймэл дагуулаа хөөргөсөн билээ. Өмнөх хувилбараасаа хүчин чадал нь 4 дахин нэмэгдсэн гэж тэд мэдэгдээд байгаа. АНУ-ын Харилцаа холбооны хороонд SpaceX компани хоёрдугаар үеийн 30000 ширхэг хиймэл дагуул хөөргөх хүсэлт тавьсан ч эдгээрээс 7500 ширхэгийг хөөргөх зөвшөөрөл өгөөд байгаа юм. Мөн тэд энэ жил T-Mobile компанитай хамтран хиймэл дагуулаас үүрэн холбооны сүлжээнд шууд холбогдох туршилт хийнэ гэдгээ мэдэгдээд байна.
Эх сурвалж: https://arstechnica.com/tech-policy/2023/03/amazon-says-its-satellite-home-internet-terminals-cost-under-400-to-produce/?utm_source=tldrnewsletter