Хог ачигчид ажил хаялт зарласнаас болж Францын нийслэл хотын гудамж олон мянган тонн хог хаягдлаар дүүрч байна.
Макроны засгийн газраас тэтгэврийн насыг 62-оос 64 болгон нэмэгдүүлэх санал гаргасныг ажилчид, иргэд эсэргүүцэн ажил хаялт зарлаад байгаа юм.
Ажил хаялтад зөвхөн Парисын хог ачилтын ажилтнууд нэгдээгүй бөгөөд Нант, Ренн, Ле Гавр зэрэг бусад хотуудын ажилчид мөн нэгдсэн байна.
Хог ачигчид долоо хоногийн өмнөөс ажил хаялтад нэгдсэн бөгөөд хогийн цэгүүд ачааллаа дийлэхгүй байгаагаас хог боловсруулах гурван цэгийг хааж, дөрөв дэхийг нь мөн хэсэгчлэн хаажээ.
Өнгөрсөн даваа гараг гэхэд Парисын гудамжинд нийт 5,600 тонн хог хаягдал цугларсан тухай эрх баригчид мэдэгдээд байгаа юм.
Ингэж ихээр хог цугларах нь Парисын гудамжинд амьдрах 6 сая гаруй харханд өсөж үржих таатай боломж болж байгаа талаар радио болон сошиал сувгуудаар мэдээлж байгаа аж.
Мэрэгч амьтдын судлаач, энэ салбарын мэргэжилтэн Ромен Лассер "Ажил хаялтаас болж үүссэн их хэмжээний хог хаягдал нь хархны зан үйлийн өөрчлөлтийг өдөөж байна. Тэд хогийн савнуудаар эргэлдэж, тэндээ үржиж, шээс, баасаа үлдээх болно. Бид хог цуглуулагчид болон хотын нийт хүн амын эрүүл мэндэд санаа зовж байна" гэж Le Parisien сонинд ярьжээ.
Ажил хаясан ажилчид өнөөдөр хуралдаж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэхээ шийдэх ёстой. Хог ачилтын ажилтнууд хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг тул 57 настай тэтгэвэрт гарч байгаа бөгөөд шинэчлэлийн дагуу дахин хоёр жил ажиллах шаардлагатай болж байгаа юм.
Эх сурвалж: ВВС