А.Энхээ: Том биетэй монгол залууст кэмпээ эзлүүлж, хятад иргэнд заналхийлүүлж, маш их зүйлийг үзэж, тэвчлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Энхээ: Том биетэй монгол залууст кэмпээ эзлүүлж, хятад иргэнд заналхийлүүлж, маш их зүйлийг үзэж, тэвчлээ

Эрдэнийн босго компанийн захирал А.Энхээ

Хятад улсын иргэнд зургаан жилийн турш дарамтлуулж буй нэгэн эмэгтэйг студидээ урьж ярилцлаа.

А.Энхээ уул уурхайн салбарт 10 гаруй жил компани удирдан ажилласан туршлагатай нэгэн. Энэ салбарт эмэгтэй хүн ажиллах амар биш хэдий ч, нутгийнхны болон компанийхаа ажилтнуудын хүндэтгэлийг хүлээж хэдийнээ чаджээ. Гэвч 2012 онд Хятад иргэнтэй гэрээ байгуулсан тэр өдөр үнэхээр “хар өдөр” байжээ. Яагаад гэдгийг ярилцлагаас уншина уу.

"ТАТВАРАА ТӨЛ, НООГДОЛ АШГАА ӨГ, ХЯТАД АЖИЛТНЫХАА ТООГ ЦӨӨЛ" ГЭЖ
ШААРДТАЛ НАМАЙГ ЦАГДААД ӨГЧИХСӨН

-Болоод буй үйл явдлын талаар манай уншигчдад ярьж өгөхгүй юу?
-Манай “Эрдэнийн босго” компани 2008 онд байгуулагдаж, өнөөдрийг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж, улс орныхоо эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж байгаа монголын олон компанийн нэг юм. Бид Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт хүрэн нүүрсний ордод, А лицензтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл 2017 оноос хойш компанийг тойрсон хэрүүл зарга дуусахгүй, хуулийн маргаантай явсаар, бизнесийн үйл ажиллагаагаа явуулахад үнэхээр хүндрэл, бэрхшээлтэй болж байна.

-Учир шалтгааныг нь тайлбарлаж өгнө үү?
-Манай компанитай 2012 оны тавдугаар сарын 15-нд БНХАУ-ын иргэн Шөн Жиэншуантай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Манай компанид 5,0 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, Монгол Улсын хууль дүрмийн дагуу ажиллана гэж гэрээнд заасан байдаг. Гэрээний дуусах хугацаа 2017 он. Хамтран ажиллах хугацаандаа манай компанийн зүгээс “Монгол Улсын хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуул, татвараа төл, ноогдол ашгаа өг” гэж удаа дараа албан бичиг явуулдаг байсан. Гэрээнд заасан заалтуудаа биелүүлэхийг шаардаж байсан гэсэн үг. Мөн БНХАУ-ын иргэдийг дэндүү олноор нь оруулж ирж ажиллуулж байсан тул энийгээ боль гэдэг шаардлагыг тавьсан. “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа учир нарийн мэргэжил шаардлагатай ажлын байран дээр л хятад иргэн байж болно, бусдаар бол монгол иргэн ажиллуулах шаардлагатай” гэсэн. Эдгээр асуудалтай холбоотойгоор манайхаас үйл ажиллагааг нь нэг, хоёр удаа зогсоож ч байлаа. Гэтэл гэрээ дуусах дөхөөд, 2017 он гарангуут намайг “Залилан хийж байна” гэж цагдаад өгсөн. Би хятадуудыг байтугай, хэнийг ч амьдралдаа залилж үзээгүй.

-Ер нь татвараа огт төлдөггүй байсан үг үү?
-Огт өгөөгүй биш, 40 орчим хувийг нь л өгсөн. Үлдсэн татварыг нь бид өнөөдрийг хүртэл төлсөөр байгаа.

-Татварын алба энэ дээр ажиллаагүй гэж үү?
-Ажиллаж байгаа учир манай “Эрдэнийн босго” компани дээр шалгалт ирж, бид торгуульд унаж байгаа юм. Манай компани Монголын компани учир шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлж, бүх хариуцлагыг үүрнэ. Бид улсынхаа хуульд захирагдахаас өөр арга байхгүй шүү дээ.

-Цагдаад өгөөд ямар шийд гарсан бэ?
-Цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага гомдлыг нь шалгаад, “Залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш” гэдгийг тогтоосон. Гэвч одоог хүртэл 6 жилийн хугацаанд намайг байнга цагдаагийн байгууллагад дахин дахин элдэв янзаар гомдол гарган өгч байна. Ингэж 6 жилийн хугацаанд цагдаад өгч байгаа нь намайг шалгуулах гэж биш харин дарамтлах гэж, өөр зорилготойгоор өгч байгаа болов уу гэж би харддаг.

-Ямар хэмжээний хөрөнгө оруулалтыг тухайн компани оруулж, мөн олсон юм бол?
-Хууль хяналтын байгууллага энэ асуудал дээр шинжээч томилоод Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээр шинжилгээ хийлгүүлж дүгнэлт гаргуулсан байдаг. Дүгнэлтэд Шөн Жиэншуан гэрээнд заасны дагуу манай компанид 4,0 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна гэж үзсэн. Гэхдээ энэ хугацаанд Шөн Жиэншуан нь нийт 13,4 тэрбум төгрөгийн нүүрсийг БНХАУ руу ачуулж аваад явсан тухай Гаалийн ерөнхий газрын албан ёсны баримт хавтаст хэрэгт байдаг. Энэ үнийн дүнгийн зөрүүнээс харахад хятадуудын олсон ашиг хэдэн тэрбумд хүрнэ. Гэтэл Монгол Улсад татвараа төлөхгүй, бидэнд гэрээгээр өгөх ёстой ноогдол ашгаа өгөхгүй явсаар байсан. Түүгээр ч барахгүй эргээд намайг залилан хийсэн гээд цагдаад өгөөд байдаг.

Шүүх шинжилгээний хүрээлэнгээс мөн адил “Энэ бол залилан биш, зориулалтаар ашигласан байна” гэдгийг ч тогтоосон. Ингээд цагдаа, шүүх шинжилгээний хүрээлэн гээд бүх газраас “Гэмт хэргийн шинжгүй, залилан биш” гэж тогтоосоор байтал, мөн прокуророос “Гэмт хэрэг биш” гээд хэрэгсэхгүй болгож буцаагаад байхад л ямар нэгэн шалтгаан гаргаж ирээд л цагдаад өгөөд байдаг. Тэгэхээр л ингэж олон жил намайг цагдаагийн байгууллагад элдэв шалтгаанаар өгч байгаа нь өөр зорилготой гэх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байгаа юм.

"БИ ЛИЦЕНЗИЙГ ЧИНЬ АВНА, ЯАХЫГ ЧИ ХАРААРАЙ ГЭЖ
ИЛ ЦАГААН ЗАНАЛХИЙЛДЭГ"

-Ямар зорилго байж болох вэ?
-Намайг “Ингээд дарамтлаад байвал эцэстээ бууж өгөөд лицензээ хямдхан зарахаар нь авна” гэж боддог шиг байгаа юм. Хятаддаа энэ Шөн Жиэншуан нь “Би монголд уул уурхайн лиценз худалдаж авсан” гээд яриад явдаг юм гэсэн. Намайг ямар ч харилцагчгүй болгож, өрөнд оруулах сонирхолтой. Энийгээ ч нуудаггүй, ил цагаан илэрхийлдэг. Манай уурхайг авна гэж заналхийлдэг, өмгөөлөгч нартайгаа миний өрөөнд орж ирээд намайг заналхийлж байсан. Манай ажилтнууд байсан, бүгд мэднэ. Заналхийлэл зөвхөн надаар дуусаагүй. Би энэ талаар одоохондоо ярьмааргүй байна.

-Яагаад ярьмааргүй байгаа юм бол. Тэр нь юу болсон талаар цухас дурьдаж болохгүй юу?
-Нэг удаагийн шүүх хурал болохоос гурав хоногийн өмнө манай хүүхдийг гудамжинд үл таних этгээд ухаан алдтал нь зодож, бэртээсэн. Бид цагдаад өгч, камерын бичлэгт энэ үйл явдал үлдсэн ч цагдаагийн байгууллага олж чадаагүй. Энэ үйл явдлыг би шүүх хурлын өмнө надад сануулга болгох гэж зохион байгуулсан гэж харддаг. Энэ хүмүүс “Лицензийг чинь авна” гэж хэлдэг, энэ олон жил ингэж дарамталж байгаа болохоор би дээрх үйлдлийг тэд нарыг хийсэн гэдэгт итгэлтэй байдаг.

-“Лицензийг чинь авна” гэдгээ ил цагаан хэлж байгаа хэрэг үү?
-Ил цагаан хэлдэг. Шууд өрөөнд минь орж ирээд “Лицензийг чинь авна, яахыг чи хараарай!” гэдэг. Шүүх хурал нь болох дөхөхөөр манай кэмп дээр том том биетэй 40, 50 монгол залуус дайраад орчихдог. Өдрийн 80-100 мянган төгрөгийн хөлстэйгээр ажилладаг гэсэн.

Зургийн тайлбар: Эрдэнийн босго компанийн байр руу нүүрээ халхалсан залуус олноороо дайран орж,
сар хүртэл хугацаанд гардаггүй гэв

Тэгээд намайг болон манай ажилтнуудыг кэмп рүү маань оруулахгүй хаачихна. Дараагийн шүүх хурал болоод, шүүх хурлын шийдвэр гартал заримдаа бүр нэг сар хүртэл хугацаанд манай кэмпийг эзэгнээд, ажил хийлгэхгүй сууцгаачихна. Яг л кино гэсэн үг. Би бүр үнэхээр их тэвчиж, маш их зүйлийг энэ хугацаанд тууллаа.

Нэг удаагийн шүүх хурлыг бүр намайг эзгүй байхад хийж, шийдвэр гаргаж байсан. 12.40 цагийн үед над руу Сүхбаатар дүүргийн шүүхээс залгаж “13.00 цагт шүүх хуралтай, ирж амжихгүй байсан ч хамаагүй хийнэ” гэж хэлсэн. Шүүхийн зарлангийн талаар өмнө нь нэг ч үг хэлээгүй байж гэнэт ингэж яриад, тэгээд намайг байхгүйд зөвхөн хятад иргэний талаас оролцоотойгоор тэр шүүх шийдвэрээ гаргасан. Шүүхийн шийдвэр дээр намайг гомдол гаргатал, тэр шийдвэрээсээ түдгэлзчихсэн.

-2017 оноос хойш тухайн хятад иргэн таныг хэдэн удаа цагдаад өгсөн бэ?
-Цагдаагийн ерөнхий газар, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Нийслэлийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар гээд бүх л газар өгсөн. Шалтгаанаа өөрчлөөд л өгөөд байдаг. Нэг удаад бүр “Терроризмыг санхүүжүүлсэн” гэж өгч байсан. Тэгээд “Татвараар зугтаасан”, “Залилан хийсэн”, “Хөрөнгө оруулалтын мөнгийг зориулалтын бусаар ашигласан” гээд янз бүрийн шалтгаанаар өгнө өө. Одоо энэ хятад иргэний өмгөөлөгчөөр Г.Баяржаргал гэж өмгөөлөгч ажилладаг.

Г.Баяржаргал өмгөөлөгч надтай тааралдахаараа “Чамайг цагдаа дуудаагүй юу, барьж хориогүй юу!?” гэдэг. Түүний цагдаа, прокурорт танил талтай гэдэг нь тэндээ л юм байгаа биз. Эмэгтэй хүн болохоор л намайг ингэж дээрэлхээд байдаг юм уу, бүү мэд.

ПРОКУРОР ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГООД БАЙХАД Л ДАХИЖ
ЦАГДААД ӨГӨӨД БАЙДАГ

-Дандаа цагдаад өгөөд байдаг гэлээ. Цагдаа шалгаад дараа нь яадаг вэ?
-Цагдаа шалгаад прокурорт хэргийг шилжүүлнэ. Яалт ч үгүй нотлох баримтаар залилан хийсэн нь гэдэг нь тогтоогдохгүй болохоор прокурор хэрэгсэхгүй болгоно. Тэгэхээр л цагдаагийн өөр нэг байгууллагат өгчихнө. Прокурор хэрэгсэхгүй болгочихсон хэргийг яагаад ч дахиж нээгээд, ажил болгоод байдаг юм бүү мэд. Бүр Улсын ерөнхий прокурорын орлогч дарга нь хэрэгсэхгүй болсгосон шийдвэр гаргасан байхад доод шатны прокурор нь сэргээчихсэн байсан. Тэрийг би үнэхээр ойлгохгүй байгаа. Энэ юу гэсэн үг вэ? Энэ бүхэнд намайг гадагшаа явахыг хорино л гэнэ, эсвэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас манай үйл ажиллагааг зогсоочихно. Бизнесийн үйл ажиллагаагаа явуулахад асар хүндрэлтэй.

2017 онд анх эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан баримт

Би бол цагдаа, прокурорын байгууллагыг их сайн ажилладаг гэж боддог. Яагаад гэвэл шаардлагатай баримтууд дээр үндэслэн үнэн зөв шийдвэрийг гаргадаг. Гэтэл энэ БНХАУ-ын иргэн ямар арга замаар, яаж ингэж өөр өөр байгууллагуудад хандаад, тэр бүртээ хэрэг үүсгээд байгааг ойлгодоггүй. Би чинь Монгол Улсын иргэн хүн биз дээ. Эх орондоо ингэж байж суух боломжгүй болж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Би яагаад энэ ярилцлагыг өгөхийг зөвшөөрсөн бэ гэхээр одоо надад цаашдаа ямар дарамт ирэхийг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Тэгээд бусад монголчууддаа бас “Хөрөнгө оруулна” гэдэг нэрээр орж ирж байгаа хятад хүмүүс, компаниудтай болгоомжтой харьцаарай, энэ хүмүүс чинь ингэж дарамтанд оруулдаг юм байна шүү гэж анхааруулахыг хүсэж байна.

-Одоо бас танайхыг цагдаад өгчихсөн байгаа юу?
-Өгчихсөн.

-Хаана өгсөн байх уу?
-Улсын мөрдөн байцаах газарт өгчихсөн. Тэр хятад иргэний ар талд манай прокурорын байгууллагад ажиллаж байгаа, ажиллаж байсан хүмүүс нөлөөлж ажилладаг гэх мэт хов жив би сонсоод л байгаа. Одоо тэгээд болохгүй бол тэдгээр хүмүүсийг шалгуулна даа. Одоогоор би тэр хүмүүсийн нэр, усыг нэрлэмээгүй байна. Гэхдээ хууль зөрчсөн хэний ч араас хууль нэхэж очдог юм шүү гэдгийг тэдгээр хүмүүст зориуд сануулж хэлмээр байна.

-Нутгийн иргэд танай компанийг хэр мэдэх вэ?
-Маш сайн мэднэ. Манай кэмп рүү эрүүгийнхэн ингэж дайрч ордгийг мэддэг, “Бид болохгүй бол туслах уу?” гэдэг. Би юу гэж зүгээр байгаа иргэдийг ийм асуудалд татаж оруулах билээ. Тэр залуучууд манай кэмпийн эд хөрөнгийг эвдэж сүйтгэсэн. Цагдаад өргөдөл гаргахад хэрэгсэхгүй болгочихсон. Өөр нэг сонин зүйл бий. Манай талд Шөн Жиэншуан, түүний “Нэй монгу жишен нөнюань” ХХК-тай хийсэн тамга тэмдэг, гарын үсэгтэй гэрээ бий. Гэтэл Шөн Жиэншуан цагдаад өргөдөл өгөх бүртээ ямар ч тамгагүй, зүгээр гарын үсэг зурчихсан гэрээг баримт болгож өгдөг, нөгөөдүүл нь тэр гэрээг нь барьж аваад биднийг шалгаад байдаг.

-Тэр хоёр гэрээний ялгаа нь юу вэ?
-Хоёр талын тамга, гарын үсэг бүхий манай гэрээн дээр “Гэрээний хугацаа 5 жил байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, гэрээ 2017 онд дуусахаар заасан байгаа. Харин зөвхөн гарын үсэгтэй нөгөө талын гэрээн дээр “Лицензийн хугацааг дуустал” гэсэн байгаа. Нэг компанитай лицензийн хугацаагаа дуустал гэрээ хийдэг тийм эрүүл ухаантай хүн гэж байдаг юм уу? Ийм илт зөрүү бий дээ.

Зургийн тайлбар: Иргэн А.Энхээд байгаа гэрээний жинхэнэ хувилбар
Зургийн тайлбар: Хятад иргэний тамга, гарын үсэггүйгээр цагдаад хандахдаа өгдөг гэрээ

-Энэ хятадын иргэн Шөн Жиэншуан нь тамгагүй гэрээгээр цагдаа дээр хэрэг үүсгэх гомдол гаргадаг, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж 13 тэрбум төгрөгийн нүүрсний экспорт хийсэн атлаа татвараа бүрэн төлөөгүй, гэрээнд заасан ноогдол ашгаа өгөөгүй, хятад ажилтнуудыг олноор ажиллуулсан, хууль бусаар гэрээнд өөрчлөлт оруулж цагдаад хандсан юм байна гэж ярианаас чинь дүгнэлээ. Энэ хүн өөрөө харин гэмт хэрэг хийгээд байгаа юм биш үү?
-Тэр хятад ажилтнууд нь хууль бус. Би тэгж олноор оруулж ирэх бүрт нь Гадаадын иргэн харъяатын газар болон эрх бүхий байгууллагуудад нь мэдээлж, энэ асуудлыг анхаарч арга хэмжээ авахыг хүсэж байсан. Тэгээд энэ байгууллагуудыг очих гэсээр байтал нөгөө хятад ажилтнууд нь мэдээлэл авчихаад, хэдийнээ гараад явчихдаг.

-Та энэ ярьж буй бүхнээ баримтаар баталж чадах уу?
-Чадалгүй яахав. Над дээр бүх баримт бичиг эх хувиараа байгаа. Бүх дансны мэдээлэл, санхүүгийн гүйлгээ бүгд бий. Мөн Шөн Жиэншуан, түүний “Нэй монгу жишен нөнюань” ХХК-д Монгол Улсын хууль дүрмийн дагуу ажилла, татвар, ноогдол ашгаа өг гэсэн албан бичгүүд ч бүгдээрээ надад бий. Би харин баримт бичиг цаасыг бол маш сайн хөтөлдөг, цуглуулдаг хүн тулдаа энэ бүхнийг даван туулж байна. Надад шаардлагатай дахиад баримтууд ч байгаа. Хэрэв дарамт шахалт үргэлжлээд, миний аюулгүй байдалд дахиж халдвал би бүх зүйлийг ил болгоно.

-Энэ хятадын компанитай холбоотой гарч байсан өөр асуудал бий юу?
-Сүхбаатар аймгийн нэг оператор компанийн монгол залууг хятадууд нийлж бүлэглэн зодож байсан. Тухайн үед оператор компанийнхаа ажилтнуудын цалин мөнгийг өгөхгүй байсан болохоор манайх болон өөр нэг монгол компани үйл ажиллагаагаа зогсоосон. Гэтэл хятад ажилтнууд пик-ап машинд суугаад бөөнөөрөө очиж, нэг монгол ажилтныг зодсон байсан. Тэгээд Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтсээр энэ хэрэг 2016 онд жил гаруй хугацаанд явсан байх шүү.

-Сонирхолтой хэрэг байна. Танд ярилцлагынхаа төгсгөлд нэмж хэлэх зүйл байна уу?
-Эцэст нь хэлэхэд Монгол Улсад эмэгтэй хүн бизнес эрхлэх, тэр дундаа уул уурхайн бизнес эрхлэх асар хүнд, маш их саад бэрхшээл, зовлонг туулдаг юм шиг санагддаг.

Би одоо эргээд харахад өөрийн компанитайгаа хувь заяагаа холбосноос хойш ямар их айдас, түгшүүр, дарамт шахалт, зовлон зүдгүүрийг туулж гарснаа хараад өөрөө ч цочирддог. Мөнгө, зоосоор хятадуудын гар хөл болж намайг, миний гэр бүл, үр хүүхдүүдийг айлган сүрдүүлэх, зодож биед нь халдах, манай компанийн ажилчдыг дарамтлах, заналхийлэх зэрэг үйлдлүүдийг өчнөөн харлаа.

Цагдаагийн байгууллага, прокурорын байгууллагаас компанийн эд хөрөнгө битүүмжлэх, хязгаарлах, тасралтгүй шалгах шалгалтуудын ч ард гарлаа. Гэхдээ би цаашид ч гарна гэдэгтээ итгэлтэй байгаа. Энэ бүхнийг туулахад эмэгтэй хүнд зарим эрчүүдээс ч гарахааргүй зориг зүрх, тэсвэр тэвчээр, хүч чармайлтыг шаардсан гэдгийг хэлмээр байна. Хэдийгээр хэцүү ч гэсэн би өдийг хүртэл явсан болохоор одоо хэнээс ч айхгүй, хаа хүрэх ёстой юм тэр хүртэл дуустал явна. Үнэн миний талд, бидний талд байгаа гэдэгтээ итгэлтэй байдаг тул Монгол Улсад шудрага шүүх, прокурор гэж байдаг л бол үнэн, зөвийг тунгаан холбогдох шийдвэрийг гаргана гэж бодож байна.

Дулааны худагнаас хүний цогцос олджээ
Дулааны худагнаас хүний цогцос олджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.