Сугалаагаар ашиг ологчид болон олз хайгчид АДИЛХАН ШУНАЛТНУУД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сугалаагаар ашиг ологчид болон олз хайгчид АДИЛХАН ШУНАЛТНУУД

/2023.2.24/ "Азтан тодруулна" гэх нэрээр сошиал хуудаст өөрийг нь дагадаг хүмүүсээс мөнгө цуглуулж, ашиг хонжоо хайгчид өдөр ирэх бүр олширсоор.

Учир нь одоогоор энэ асуудлыг тусгасан хуулийн заалт байхгүй. Харин ёс зүйн хүрээнд үйлчилж болох юм. Өөрөөр хэлбэл, нэг бараагаа зарахын тулд хүн бүхнээс 50 мянган төгрөг цуглуулж байгаад, хэд нугалсан үнээр борлуулах нь тухайн хүн ёс зүйгүй, эрээ цээргүй, увайгүй байгаагийн илрэл.

Гэхдээ энэ нь зөвхөн тэдний буруу биш бөгөөд сугалаа явуулагчдыг өөгшүүлэгчид ч буруутай. Өөгшүүлэгчид бол "тэнгэрээс мөнгөөр бороо ороосой" гэсэн чин хүсэлтэй шуналтнууд юм. Зүгээр сууж байгаад гэнэт их олз олохыг хүсэгчид энэ улсаар дүүрчээ.

Юун түрүүнд, сугалаа явуулахын тулд хуулийн этгээд байх ёстой. Хуулийн этгээдэд Сангийн яамнаас тусгай зөвшөөрөл олгоно. Жүжигчин, хөтлөгч аль эсвэл нэг гэр бүл сугалаа, элдэв тохирол явуулж болохгүй гэсэн үг.

Сугалааны талаар хуулийн заалт одоогоор алга. Харин мөрийтэй тоглоом гэдэг нэрээр дараах хуулиудад тусчээ.

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ:
5.7 дугаар зүйл.Мөрийтэй тоглоом тоглох

1.Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ:
20.17 дугаар зүйл.Мөрийтэй тоглоом зохион байгуулах

1.Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ИРГЭНИЙ ХУУЛЬ:
486 дугаар зүйл. Тоглоом, мөрий

486.1.Тоглоом болон мөрий нь шаардах эрхийг бий болгохгүй.

486.2.Тоглох, мөрий тавихад зориулан олгосон зээл, урьдчилгаа, түүнчлэн мөрийний шинжийг агуулсан хөрөнгө нийлүүлэх тухай биржийн болон түүнтэй төстэй хэлцэлд энэ хуулийн 486.1-д заасан журам нэгэн адил үйлчилнэ.

486.3.Хуулиар хориглосноос бусад тоглоом болон мөрийний дагуу төлсөн мөнгө, шилжүүлсэн хөрөнгө, бусад зүйлийг эргүүлэн шаардаж болохгүй.

486.4.Хонжворт сугалаа, түүнтэй төсөөтэй бусад тоглоом нь эдгээрийг төрөөс зөвшөөрсөн тохиолдолд л шаардах эрхийг бий болгоно.

"Сугалаа" гэж нэрлээгүй боловч "... бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол" гэдэг нь сугалааны агуулгыг бүрэн илэрхийлнэ. Энэ заалтаар бол сугалааг зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн иргэдийн хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, зохих торгуулийг төлүүлэх нь өнөө биш ч хэзээ нэгэн цагт ирэх л шийтгэл ажээ.

Сонирхуулахад, "Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай" хуулийн төслийг өнгөрөгч оны арванхоёрдугаар сард өргөн барьсан. Энэ төсөлд сугалааны талаар дараах зохицуулалтуудыг тусгаж өгчээ. Үүнд:

БООЦООТ ТААВАР, ХОНЖВОРТ СУГАЛААНЫ ТУХАЙ ХУУЛЬ:
13.2.1. сугалааны тасалбарын борлуулалтын нийт орлогын 55-аас доошгүй хувийг сугалааны хонжворт олгох;

13.2.2. хонжворт сугалаанд оролцогчдоос төвлөрүүлсэн орлогын 35 хувиас доошгүй мөнгөн хөрөнгийг хонжворт сугалаа зохион байгуулагч хонжворт сугалааны азтан тодорч, хонжворыг олготол банкны тусгайлсан дансанд байршуулах;

13.2.3. олон улсын стандартад нийцсэн, үйлдвэрийн баталгаа бүхий сугалааны азтан тодруулах зориулалтын тоног төхөөрөмж, программ хангамжаар хангагдсан байх;

13.2.4. хонжворт сугалаа зохион байгуулагчийн нэр, хаяг болон сугалааны танилцуулга, энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан дүрэм, сугалааны тасалбарын үнэ, тоо ширхэг зэрэг мэдээллийг өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа газарт сонирхсон этгээд танилцаж болохуйцаар ил байрлуулах;

13.2.5. цахим төлбөрийн баримтын систем, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байх.

13.3. Хонжворт сугалаа зохион байгуулагч нь 500 сая төгрөгөөс доошгүй хэмжээний өөрийн хөрөнгөтэй байна.

13.4. Хонжворт сугалаа зохион байгуулагч хонжворт сугалаа зохион байгуулах үйл ажиллагааг явуулах өөрийн өмчийн ажлын байртай байх бөгөөд тус ажлын байрыг зориулалтын дагуу тохижуулсан байна.

Ийнхүү "сугалаа" гэдгийг тусгайлан зохицуулсан хуультай болвол дээрх этгээдүүд зохицуулагдах нь зүй юм. Эс тэгвэл энэ асуудлыг шууд хааж боогоод шийдэлд хүрэхгүй гэдгийг саяхан "Телевизийн сувгуудаар сугалаа явуулахыг хориглосон"-оос үүдэлтэй сугалаа сошиал хуудас руу хэрхэн шилжсэнээс харж болох юм.

Эрдэмтэд лабораторийн хулганы насыг уртасгаж чадлаа
Эрдэмтэд лабораторийн хулганы насыг уртасгаж чадлаа
 
Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ
Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.