/2023.2.24/ АНУ-ын Сан Диего хотын Rejuvenate Bio нэртэй биотехнологийн стартап компани судалгааныхаа явцад туршилтад ашигладаг хулгануудынхаа насыг уртасгах боломжтой технологи олж нээснээ зарлалаа.
Энэ нь шинжлэх ухааны салбарынхны дунд халуун сэдэв болон өргөн хүрээний хэлэлцүүлэг үүсээд байна.
Анх MIT Technology Review вэбсайтад энэ мэдээлэл нийтлэгдсэн бөгөөд тус компанийн судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэлд дурдсанаар тэд хулганын генийг дахин программчилж, биед нь эргүүлэн суулгах байдлаар үлдсэн насыг нь 2 дахин уртасгаж чадсан гэжээ. Энэ өгүүлэл дээр одоогоор ямар нэгэн peer review хийгдээгүй байгаа юм.
Энэхүү технологийг ашиглан туршилт хийсэн бүлгийн хулганууд туршилтаас хойш дунджаар 18 долоо хоног амьдарч байсан бол туршилтад хамрагдаагүй хулганууд дунджаар 9 долоо хоног л амьд байсан аж. Генийн өөрчлөлт хийх замаар нийт дүнгээрээ хулганын амьд явах хугацааг 7 орчим хувиар уртасгаж байгаа гэжээ.
Хулганын эсийг дөнгөж үүсэл хөгжлийн шатандаа яваа үр хөврөлд агуулагдах зарим нэг уурагтай нийлүүлэх замаар энэ туршилт хийгдэж байгаа бөгөөд хамгийн анх Японы эрдэмтэн Шиня Яманакагийн амжилттай хийсэн бүрэн бойжсон эсийг дахин програмчлах замаар үүдэл эсийг гарган авах туршилт дээр суурилсан юм. Тэрээр энэхүү нээлтээрээ 2012 онд Нобелийн шагнал хүртэж байв.
Чихэнд чимэгтэй мэдээ дуулгаж байгаа Rejuvenate Bio компанид олон нийт талархалтай хандаж байгаа хэдий ч салбарын бусад судлаачид тэдний энэ амжилт, эрдэм шинжилгээ судалгааны өгүүллийг сайтар шүүн тунгааж, хэлэлцсэний эцэст хүлээн зөвшөөрөгдөх эсэх нь тодорхой болох юм.
Нэг талдаа генийг өөрчлөн програмчлах замаар хулганын насыг уртасгаж байгаа ч нөгөө талдаа энэ технологи нь цөөнгүй эрсдэлийг дагуулдаг аж. Тухайлбал, MIT Tech сэтгүүлд Rejuvenate Bio компанийн зарим туршилтын хулганууд генийн дахин програмчлалын дараа хорт хавдар туссан болохыг мэдээлсэн. Мөн хулгана бие организмын хувьд жижиг, насны хувьд хүнээс хавьгүй богино насалдаг амьтан болохыг бид хэлүүлэлтгүй мэдэх тул энэ туршилт хүний бие дээр хэрхэн хэрэгжих тал дээр ямар нэг төсөөлөлгүй байна.
Гэвч туршилтыг амжилттай хийсэн компанийн хувьд хийж бүтээсэн зүйлдээ үнэхээр итгэлтэй байгаа бөгөөд MIT Tech сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Rejuvenate Bio компанийн захирал Ноа Дэвидсон “Энэ бол маш хүчирхэг технологи. Бид үүнийг амьдрал дээр боломжтой гэдгийг нотлон харууллаа. Өндөр настнуудад зориулсан өөрчлөлтийг бид авчирч чадна гэж итгэж байна” гэжээ.
Үүний өмнө Salk Institute судалгааны хүрээлэнд хийгдсэн туршилтаар наснаасаа түрүүлж хөгшрөх эмгэг туссан хулгана дээр хийсэн энэ төрлийн туршилт мөн амжилттай болж, туршилтын дараа хулгана тооцоолсноос илүү удаан амьд байсан юм. Гэвч энэ туршилт эрүүл хулгана дээр үр дүнгээ өгөх үү гэсэн асуулт одоогоор хариултгүй байгаа билээ.
Дээр өгүүлсэн Salk Institute-ийн судалгаанд оролцож байсан Швейцарийн Лозаннын их сургуулийн биологич Алехандро Окампо “Өөр олон судалгааны бүлгүүд энэ төрлийн туршилт судалгаа хийж байгаа ч эцсийн үр дүнгийн талаарх мэдээлэл хангалтгүй хэвээр байна” гэж MIT Tech-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Харин Rejuvenate Bio компанийн захирал Дэвидсоны хувьд өөрсдийнх нь технологи генийг засварлан өөрчилж байгаагаараа онцлог тул бусад туршилтуудаас огт өөр гэж мэдэгдэж байгаа ба дан ганц хулганаар тогтохгүй хүн дээр ч туршиж үзэх боломжтой гэсэн байна.
Мөн тус компани зүрх судасны эмгэгтэй хүн болон нохойд зориулсан ижил төрлийн эмчилгээний аргыг олж нээхээр ажиллаж байгаа ажээ.
Эх сурвалж: https://futurism.com