/2023.02.01/: Саяхан нээгдсэн ногоон сүүлт од нь дэлхийд ойртон ирснээс 50,000 жилийн дараа дахин дэлхийд ойртох гэж байна. Энэхүү од нь хамгийн сүүлд чулуун зэвсгийн үед шөнийн тэнгэрт харагдаж байжээ.
Ногоон сүүлт одыг 2022 оны гуравдугаар сарын 2-нд одон орон судлаачид Калифорнийн Сан Диего тойргийн Паломарын ажиглалтын төв өргөн талбайн судалгааны камер ашиглан илрүүлсэн бөгөөд энэ сүүлт од нэгдүгээр сарын 12-нд наранд хамгийн ойртсон гэж НАСА мэдээлэв.
C/2022 E3 (ZTF) нэртэй энэ сүүлт од нь нарыг тойрон эргэдэг бөгөөд нарны аймгийн гаднах хэсгийг дайран маш хол замыг туулдаг тул дэлхийд дахин ойртоход ийнхүү урт удаан хугацааг туулсан байна.
Энэхүү сүүлт од нь хоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар сарын 2-ны хооронд дэлхийтэй хамгийн ойр зөрж өнгөрөх бөгөөд ойролцоогоор 42 сая километрээс 44 сая километр зайтай зөрөх болно гэж EarthSky мэдээлэв.
EarthSky-ийн мэдээлснээр, сүүлт од хамгийн ойр ойртох үедээ сар болон дэлхийн хоорондох зайнаас 100 дахин хол зайтай өнгөрнө гэв.
Сүүлт од дэлхий рүү ойртох үед түүнийг Алтан гадас одны ойролцоо бүдэг ногоон толбо байгаагаар олж харах боломжтой болно. Сүүлт одууд тойрог зам дахь одоогийн байрлал, химийн найрлагаасаа шалтгаалан өөр өөр өнгийг тусгадаг байна.
Бөмбөрцгийн хойд хагаст амьдардаг хүмүүсийн хувьд сар жаргасны дараа өглөө эрт энэхүү сүүлт одыг харахад тохиромжтой. Харин бөмбөрцгийн өмнөд хагаст амьдардаг хүмүүсийн хувьд сүүлт одыг харахад илүү хэцүү байх аж.
Гэрэлтүүлгээс хамааран C/2022 E3 (ZTF) нь харанхуй тэнгэрт энгийн нүдэнд харагдах ч телескопоор харахад маш тод харагдах юм байна.
Эх сурвалж: CNN