Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

/2023.01.27/: Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулав.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тусгайлсан бие даасан анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сокорро Эскалантэ, ЭМЯ-ны газар хэлтсийн дарга нар, харьяа байгууллагынхнаас гадна БШУЯ, ХНХЯ, АШУИС, Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 40 шахам хүн оролцов.

Хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ С.Чинзориг сайд эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийг хийхэд анхаарч суурь хуулиудад өөрчлөлт хийх шаардлага байгааг онцлоод “Эрүүл мэндийн тухай хууль 2011 онд батлагдсанаас хойш хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулснаар хуулийн 60 орчим хувьд нь өөрчлөлт орсон байдаг. Одоо хуулиудад нэмэлт өөрчлөлт гэхээсээ шинэчилсэн найруулгаар дорвитой өөрчлөлт оруулж үйл ажиллагаатайгаа нийцүүлэх шаардлага байгаа. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль Хамгийн гол нь эрүүл мэндийн салбарын аливаа хуулийг боловсруулахдаа иргэндээ ямар үйлчилгээ үзүүлэх вэ гэдэг талаас нь түрүүлж харах ёстой” гэж байлаа.

Хуулийн төслийг боловсруулсан ЭМЯ-ны Ажлын хэсгээс хийсэн танилцуулгад Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл 6 бүлэгтэй бөгөөд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт; Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоо; Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, салбар дундын хамтын ажиллагаа; Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт зэрэг харилцааг зохицуулахаар тусгасныг дурдаад хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ шаардлагын талаар танилцуулсан.

Эрүүл мэндийн тухай хуульд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэсэн хоёр төрөлтэй байхаар заасан. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг 2016 онд батлуулсан. Харин нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохицуулах хууль одоог хүртэл байхгүй байна.

Улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн хүний нөөц, жилд дунджаар 200 орчим бэлтгэгдэж байгаа нь эрүүл мэндийн салбарын 50 мянга гаруй ажиллагсдын 1.9 хувийг эзэлж байгаа бөгөөд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн хүний нөөц хангалтгүй.

2019 онд хийсэн Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын шаталсан IV судалгаагаар Монгол Улсын 15-69 насны гурван хүн тутмын нэг нь, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй, энэ эрсдэл эрэгтэйчүүдийн дунд эмэгтэйчүүдээс 1.5 дахин их байна.

Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Өөрөөр хэлбэл, монгол хүн сэргийлж болох хүчин зүйлийн улмаас өвчилж, нас барж байгаа нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх нэн шаардлагатайг харуулж байна.

Хүн амд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үндэсний тогтолцоо бий болсноор Монгол Улсын нийт хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болох зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар, осол, гэмтэл, хоол боловсруулах тогтолцооны өвчин, амьсгалын тогтолцооны өвчлөл бодитоор буурах нөхцөл бүрдэж, эдгээр болон бусад өвчлөлөөс хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд тогтмол хамрагдах боломжтой болох юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх зорилтыг тодорхойлохдоо ДЭМБ-аас хүний эрхийг хангахын тулд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгохыг гишүүн орнуудад зөвлөмж болгосон байдаг.

ДЭМБ-аас тодорхойлсон нийгмийн эрүүл мэндийн нэн шаардлагатай 10 тусламж, үйлчилгээг болон дээрх үзэл баримтлалын санааг Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуульд тусгасан гэдгийг төсөл боловсруулагчид танилцуулсан.

Судалгаагаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өнөөдөр зарцуулж буй нэг ам.доллар нь ирээдүйд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулах 5-40 ам.долларыг хэмнэнэ гэсэн тооцоо байдаг.
НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ-аас эрүүл мэндийн салбарт зарцуулж буй нийт зардлын 30-аас доошгүй хувийг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулахыг зөвлөдөг бол манай улсад ердөө 6.0 хувийг зарцуулдаг бөгөөд зардлын дийлэнхийг олон улсын зээл тусламж эзэлдэг.

Өнөөгийн байдлаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл, ангилал, стандарт, норматив, жишиг тооцоолол байхгүйгээс нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, нэр төрөлд өртөг зардлын тооцоо тодорхойгүй байгаа нь хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатайг харуулж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа.

Эх сурвалж: ЭМЯ

Г.Хажидмаа: Цагаан сараас өмнө иргэн бүрт ногдол ашиг олго
Г.Хажидмаа: Цагаан сараас өмнө иргэн бүрт ногдол ашиг олго
 
ВИДЕО:  Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
ВИДЕО: Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.