/2023.01.12/: Дэлхийн төв банкууд инфляцийн эсрэг бодлогын хүүгээ нэмэгдүүлж байгаагаас 2023 онд дэлхийн эдийн засагт уналт болно. Энэ нь хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын санхүүгийн хямралд оруулж магадгүй гэж Дэлхийн банкнаас гаргасан иж бүрэн шинэ судалгаанд дурджээ.
Тус тайланд дэлхий даяарх төв банкууд өнгөрсөн онд хүүгээ сүүлийн тавин жилд ажиглагдаагүй синхрончлолоор өсгөсөн нь энэ онд ч үргэлжлэх хандлагатай байна гэжээ. Одоогоор хүлээгдэж буй зээлийн хүүгийн өсөлт болон бусад бодлогын арга хэмжээ нь дэлхийн инфляцийг тахлын өмнөх түвшинд хүргэхэд хангалтгүй. Хөрөнгө оруулагчид төв банкууд дэлхийн мөнгөний бодлогын хүүг 2023 онд бараг 4 хувьд хүргэнэ гэж тооцоолж байгаа нь 2021 оны дунджаас 2 пунктээс дээш хувиар өснө гэсэн үг юм.
Нийлүүлэлтийн тасалдал, хөдөлмөрийн зах зээлийн дарамтыг арилгахгүй бол зээлийн хүүгийн өсөлт нь 2023 онд дэлхийн суурь инфляцийн түвшинг (эрчим хүчийг тооцохгүйгээр) 5 орчим хувь буюу тахлын өмнөх таван жилийн дунджаас бараг хоёр дахин өсгөж болзошгүйг судалгаагаар тогтоожээ.
Дэлхийн инфляцийг зорилтот түвшинд нийцүүлэхийн тулд төв банкууд бодлогын хүүгээ нэмж 2 нэгж хувиар өсгөх шаардлагатай болж магадгүй гэж тайлангийн загварт дурджээ.
“Дэлхийн эдийн засгийн өсөлт олон улс эдийн засгийн хямралд орох тусам улам удаашрах магадлалтай. Эдгээр чиг хандлага нь хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй эдийн засагтай орнуудын ард түмнийг сүйрүүлэх урт хугацааны үр дагавартай байх болно гэдэгт би гүнээ санаа зовж байна. Инфляцийн түвшин бага, валютын тогтвортой байдал, хурдацтай өсөлтийг хангахын тулд бодлого боловсруулагчид хэрэглээгээ бууруулахаас эхсүүлээд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулж болно. Бодлого нь өсөлт, ядуурлыг бууруулахад чухал ач холбогдолтой нэмэлт хөрөнгө оруулалтыг бий болгож, бүтээмж, хөрөнгийн хуваарилалтыг сайжруулахыг эрэлхийлэх ёстой" гэж Дэлхийн банкны группын ерөнхийлөгч Дэвид Малпасс хэлэв.
Энэхүү судалгаанд өнөөдөр төв банкууд инфляцийн эсрэг тэмцэж буй ер бусын хүндрэлтэй нөхцөл байдлыг онцолжээ. Дэлхийн эдийн засгийн хямралын хэд хэдэн томоохон үзүүлэлтүүд уналт ирэхийг аль хэдийнээ анхааруулж эхэлжээ. Дэлхийн эдийн засаг 1970 оны хямралын дараах сэргэлтээс хойш хамгийн огцом удаашралдаа ороод байна. Дэлхийн хэрэглэгчдийн итгэл 1970 оны уналтын өмнөх үеийнхээс хамаагүй буурсан байна. Дэлхийн гурван том эдийн засаг болох АНУ, Хятад, Евро бүсийн эдийн засгийн өсөлт огцом удааширч байна гэжээ.
Дэлхийн банк энэхүү хямралаас урьдчилан сэргийлэх, давж гарахад шаардлагатай арга хэмжээнүүдийг мөн зөвлөжээ:
Төв банкууд инфляцийг тогтвортой байлгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэх ёстой бөгөөд үүнийг дэлхийн эдийн засгийн хямралыг хөндөхгүйгээр хийж болно гэж судалгаа харуулж байна. Гэхдээ үүнд бодлого боловсруулагчид нэгдсэн арга хэмжээ авах шаардлагатай.
Үүнд:
Төв банк: Төв банкууд бие даасан байдлаа хамгаалахын зэрэгцээ бодлогын шийдвэрээ тодорхой байлгах ёстой. Энэ нь инфляцийн хүлээлтийг бэхжүүлж, шаардлагатай чангаруулах түвшинг бууруулахад тусална. Хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй эдийн засагтай орнуудад макро зохистой байдлын зохицуулалтыг чангатгаж, валютын нөөц бүрдүүлэх ёстой.
Төрийн байгууллагууд: Төсвийн байгууллагууд Засгийн газраасаа хэрэгжүүлж буй мөнгөний бодлогын зорилтуудтай өөрсдийн үйл ажиллагаа нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахын зэрэгцээ төсвийн үр ашиг багатай зарцуулалтыг зогсоож хэмнэлт хийх хэрэгтэй. Бодлого боловсруулагчид мөн найдвартай дунд хугацааны төсвийн төлөвлөгөө гаргаж, эмзэг бүлгийн өрхүүдэд зорилтот тусламж үзүүлэх ёстой.
Эдийн засгийн бусад бодлого боловсруулагчид инфляцийн эсрэг тэмцэлд, ялангуяа дэлхийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүчтэй алхмуудыг хийх хэрэгтэй болно. Үүнд:
- Хөдөлмөрийн зах зээлийн хязгаарлалтыг хөнгөвчлөх. Бодлогын арга хэмжээ нь ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх, үнийн дарамтыг бууруулахад туслах ёстой.
- Дэлхийн түүхий эдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх. Дэлхий нийтээр авч хэрэгжүүлэх зохицуулалт нь хүнс, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц болно. Эрчим хүчний түүхий эдийн хувьд бодлого боловсруулагчид нүүрстөрөгч багатай эрчим хүчний эх үүсвэрт шилжих үйл явцыг түргэтгэж, эрчим хүчний хэрэглээг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой.
- Дэлхийн худалдааны сүлжээг бэхжүүлэх. Бодлого боловсруулагчид дэлхийн нийлүүлэлтийн хүндрэлийг арилгахын тулд хамтран ажиллах ёстой. Тэд худалдааны сүлжээг цаашид тасалдуулж болзошгүй протекционизм, хуваагдлын аюулаас хамгаалсан дүрэм журамд суурилсан олон улсын эдийн засгийн дэг журмыг дэмжих ёстой гэж заажээ.
Эх сурвалж: WORLDBANK