“Хөөрхөн зүрх“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хөөрхөн зүрх“

/2023.01.02/ Төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хүний эрхийн тэмцэгчдийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэдэг ИНДЭР булангийн энэ удаагийн дугаартаа дараах байгууллагыг танилцуулж байна.

Энэ бол "Хөөрхөн Зүрх" Төрийн бус байгууллага.

“Хөөрхөн Зүрх” ТББ нь Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө 2012 оноос эхлэн ажиллаж буй төрийн бус, шашин болон нам, ашгийн бус байгууллага юм. Бидний алсын хараа эрүүл аюулгүй нийгмийн төлөө бодлогод нөлөөлөх, олон нийтийг хүний эрх, жендэрийн тэгш эрх, жендэрт суурилсан хүчирхийллийн талаар иргэд, олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагад нөлөө үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ухуулан сурталчлах ажиллагааг эерэг аргаар нийгмийн хандлагыг өөрчлөх зорилгоор тасралтгүй 10 жил ажиллаж буй мэргэжлийн байгууллага юм.

“Хөөрхөн Зүрх” ТББ нь дараах 4 үндсэн хөтөлбөртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

  1. Нөлөөлөл
  2. Үйлчилгээ
  3. Урьдчилан сэргийлэх
  4. Чадавх бэхжүүлэх

Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн бэлгийн хүчирхийллийн даван туулагч 300 гаруй хүүхдүүдэд сэтгэцийн гэмтэлд суурилсан нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлсээр иржээ. Сэтгэцийн гэмтэлд суурилсан үйлчилгээ гэдэг нь үйлчлүүлэгчийнхээ бие махбод, сэтгэл санаа, оюун санааны хувьд аюулгүй байхад анхаарч бүх л шатандаа ээлтэй байхад анхааран ажиллах юм. Үйлчилгээг яаж, хэрхэн үзүүлэх вэ? Гэдэгт анхааран үйлчлүүлэгчид аюулгүй байдлыг бид мэдрүүлж байгаа эсэх, итгэлтэй, нээлттэй, ил тод харилцаа байгаа эсэх, үйлчлүүлэгч өөрийн эрх мэдлийг мэдрэх, шийдвэр гаргах үйл явцад оролцох боломж бололцоо байгаа эсэх, цаашлаад өөрөө өөрийнхөө сонголтыг илэрхийлэх боломжтой эсэх гэдэг нь чухал.

Зөвхөн хүчирхийлэл болоод өнгөрсөний хариу үйлчилгээ үзүүлэх биш олон нийтэд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох дээр тус байгууллага нь мөн анхааран ажилладаг. Уг ажлын хүрээнд бага насны хүүхэд, өсвөр насны охид, хөвгүүдэд тус бүрийн насны онцлогт тохирсон аргачлалаар жендэрт суурилсан хүчирхийллээс үүдэлтэй аливаа болзошгүй бэрхшээлээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгож байна. Зарим ажлаас дурдвал “Хүчирхэг Охид – Хүчирхэг Улс” хөтөлбөрийн хүрээнд гар утасны аппликэйшн бүтээсэн бөгөөд нийт 8,000 гаруй хэрэглэгч ашиглаж байна.

Мөн хүүхдийг бага наснаас нь эхлэн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ танин мэдэж, илэрхийлэхдээ хүчирхийллийн аргаар бус эрүүл, аюулгүй аргаар илэрхийлэхэд суралцуулах нь ирээдүйд жендэрийн тэгш эрхийг дээдэлсэн эерэг хандлагатай байхаас гадна жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх боломжтой аж. Иймд “Хөөрхөн Зүрх” ТББ нь 4-6 насны хүүхдүүдэд зориулан “Миний Зүрх – Миний Эрх” хөтөлбөрийн хүрээнд цуврал зурагт номоор дамжуулан сэтгэл хөдлөл, мэдрэмж нь тэдний бие махбод, зүрх сэтгэлд хэрхэн илэрдгийг таньж, эрүүл аюулгүй аргаар илэрхийлж суралцахад сургах зорилготой аж.

Чадавх бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд бэлгийн хүчирхийллийн даван туулагчдын эрхийг хамгаалан ажилладаг салбар бүрийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар, мэдлэг туршлагыг нэмэгдүүлж, сэтгэцийн гэмтэлд суурилсан үйлчилгээ үзүүлэх мэдээлэл олгох зорилготой юм. Хөтөлбөрийн хүрээнд хоёр долоо хоног бүр мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, жилд нэг удаа гадны мэргэжилтнийг урин гурван өдрийн сургалтыг зохион байгуулсаар ирсэн.

Нөлөөллийн хөтөлбөрийн хүрээнд “Хөөрхөн Зүрх” ТББ нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон хохирогч, даван туулагчдыг хамгаалах, хүний эрхэд суурилсан хууль эрх зүйн тогтолцоог бий болгоход бодлогод нөлөөлөх ажлыг зохион байгуулж байна.

ОНЦЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД

Нэг Тэрбумаараа Тэмцье олон улсын хөдөлгөөн.

Дэлхий дахинд гурван эмэгтэй хүний нэг нь амьдралдаа хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртөж байна гэдэг судалгааг НҮБ-аас гаргасан бөгөөд тэдгээр эмэгтэйчүүд нийлээд НЭГ ТЭРБУМ болдог.

"Нэг тэрбумаараа тэмцье" олон улсын хөдөлгөөн нь эдгээр НЭГ ТЭРБУМ охид, эмэгтэйчүүд болон тэднийг хайрладаг, дэмждэг хүмүүсийг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө эсэргүүцлээ УРЛАГААР ДАМЖУУЛАН илэрхийлэх, шаардахыг уриалдгаараа онцлогтой юм. Одоогоор дэлхийн өнцөг булан бүрд сая сая охид, эмэгтэйчүүд, сайн дурын ажилтнууд, нийгмийн зүтгэлтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөөх тус хөдөлгөөнд нэгдэж, 200 гаруй улс орнууд зохион байгуулж байна.

Монгол Улсад “Хөөрхөн Зүрх” ТББ-ын санаачилгаар хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө олон улсын хөдөлгөөнийг 2013 оноос хойш өрнүүлж байна.

Сургууль эмнэлэг биш аян.

“Сургууль эмнэлэг биш” аян нь Канад сангийн дэмжлэгтэйгээр “Хөөрхөн Зүрх” ТББ, “ГҮНЖ” Төв болон бусад иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран насанд хүрэгчид болон өсвөр насныханд жендэрийн мэдрэмж, хүний эрхэд суурилсан хандлага, хүний эрхийн зөрчлийг таньж мэдэх талаар ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх замаар сургуулийн орчинд хийгдэж буй охидын үзлэгийг зогсооход олон нийтийн дэмжлэгийг бий болгох, өсвөр үе, залуучуудад бэлгийн боловсролын мэдлэг ойлголт өгөх зорилготойгоор хэрэгжүүлж байна. Энэхүү аяны хүрээнд сургуулийн орчинд охидын үзлэгийг халах албан ёсны шийдвэр 2021 оны 5 дугаар сард гарсан билээ.

Эх сурвалж: "Хөөрхөн зүрх" ТББ

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн талаар Ц.Цэрэнпунцаг мэдээлэл өглөө
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн талаар Ц.Цэрэнпунцаг мэдээлэл өглөө
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.