/2022.07.07/: Барилга, хот байгуулалтын яам хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Улсын Их Хурлын 88 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртөг /барилгын материалын үнэ/-ийн өөрчлөлтийг тооцож, магадлал хийсэн ажлын тайланг Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 08 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд 2022 оны долоодугаар сарын 04-ний өдөр болон Засгийн газрын 2022 оны долоодугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар тус тус танилцууллаа.
Ажлын хэсэг төсвийн ерөнхийлөн захирагч нар /16 яам, бусад 8 төсвийн ерөнхийлөн захирагч/-аас 1153 төсөл, арга хэмжээний санал хүлээн авч, улсын төсвийн бус эх үүсвэртэй болон төсөл, арга хэмжээний давхцал зэргээс шалтгаалсан 31 төсөл, арга хэмжээг хасч, 1122 төсөл, арга хэмжээний жагсаалтыг эцэслэн баталсан.
“Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ /“Зам тээврийн хөгжлийн төв” ТӨААТҮГ-т 77 төсөл, арга хэмжээ, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨААТҮГ-т 13 төсөл, арга хэмжээ/-тай яамдууд тулгалт хийж жагсаалтаа эцэслэсэн 851 төсөл, арга хэмжээнээс магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажсан 534 төсөл, арга хэмжээний 274.3 тэрбум төгрөгийн зөрүү санхүүжилт буюу гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл санхүүжилттэй харьцуулахад 15.2 хувийн өсөлттэй гарсан байна.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу үлдсэн 317 үүнээс: 93 төсөл, арга хэмжээ нь баримт бичгийн иж бүрдэл дутуу, хоцорсон, 224 төсөл, арга хэмжээ мэдээлэл огт ирүүлээгүй байна.
“Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дээрх хоцорсон болон ирүүлээгүй төсөл, арга хэмжээний баталгаажуулалт болон магадлалын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Иймд үлдсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагууд болон ТЕЗ нараас гүйцэтгэлийн тоо хэмжээгээ баталгаажуулж “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө яаралтай хүргүүлэхийг мэдэгдэж байна.
Эх сурвалж: БХБЯ