/2022.04.18/: Сайдын ээлжит шуурхай хуралдаан боллоо. Шуурхай хуралдааны эхэнд яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат газар хэлтсүүдийн өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг багцлан танилцуулав.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулагдсан мэдээллүүдийн хүрээнд зарим асуудлыг тодруулж, улмаар яамны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад холбогдох үүрэг даалгаваруудыг өглөө.
Үүнд:
- Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихад эцэслэж бэлдэх,
- Төсвийн тодотголтой холбоотойгоор Барилгын материалын үнийн индексийн мэдээллээ танилцуулах,
- ТОСК-ийн удирдлагад Хөгжлийн банкны өр барагдуулах ажлаа эрчимжүүлж, “Шинэ Яармаг” хорооллын авсан зээлээс өрөө салгаж, асуудлыг шийдвэрлэх, Цаашлаад “Солонго” “Залуус” хорооллынхоо ажлыг эхлүүлж дараа дараагийнхаа ажилд яаралтай орох,
- "Туул-1" коллекторын асуудлаар Нийслэлтэй уулзалт хийж танилцуул. Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад ороход түүнд холбогдох шугамын ажил асуудалтай байж болохгүй,
- Эдийн засаг, хөрш орнуудын нөхцөл байдал, хил гаалийн хоригтой холбоотойгоор салбарын хэмжээнд эрсдлийг тооцож танилцуулах,
- Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлын явцыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга газар дээр нь үзэж танилцах тул бэлтгэлийг хангах,
- Засгийн газраас хэрэгжүүлэхээр танилцуулсан хэмнэлтийн горимд яам болон харьяа байгууллагууд бүрэн шилжиж, үндсэн үйл ажиллагаанаас бусад бүх зардлыг санхүүжүүлэхгүй байх, албаны автомашиныг томилолтоор явахаас бусад тохиолдолд унахыг хориглох, бүх шатанд хэрэгжилтийг хангаж ажиллах.