/2021.08.26/ Олон улсын Алтай судлалын хурал маргааш “Алтай хэлт ард түмнүүдийн хэл иргэншлийн түгээмэл хийгээд харилцан нөлөөлөл” сэдвийн дор зохион байгуулагдана.
Уг хурал өнгөрсөн онд зохион байгуулах ёстой байсан. Гэвч дэлхийн нийтийг хамарсан цар тахлын улмаас хойшлуулж 2021 онд зохион байгуулахаар тогтсон юм. Гэсэн хэдий ч нөхцөл байдал төдийлөн дээрдээгүйн улмаас уг хурал энэ сарын 26-28-ны өдрүүдэд цахимаар болно. Хуралд ОХУ, БНХАУ, БНТУ, ХБНГУ, Япон, Солонгос, БНКУ, Казакстан Монгол зэрэг 20-иод орны 50 гаруй эрдэмтэд оролцох юм.
Энэхүү хурал нь Алтай хэлний бүлэгт хамааруулан үздэг үндэстэн угсаатнуудын хэл, түүх, соёл иргэншлийн харьцааг судалдаг олон улсын эрдэмтдийг эгнээндээ багтаасан Олон улсын Алтай судлалын байнгын хурал (PIAC) юм.
Монгол улсын шинжлэх ухааны түүхэнд анх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү хурал нь Алтай хэлтнүүдийн хүрээнд томоохон байр суурь эзэлдэг монгол түмний хэл, соёл, түүхийг судлахад тодорхой нөлөө үзүүлнэ хэмээн хурал зохион байгуулагчид үзэж байна.
Эх сурвалж: Хэл зохиолын хүрээлэн