Төрийн банк дундаж давхрагыг дэмжигч тогтолцоог бүрдүүлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн банк дундаж давхрагыг дэмжигч тогтолцоог бүрдүүлнэ

/2021.08.26/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Хөгжлийн банк"-ны үйл ажиллагааг шинэчлэх, "Төрийн банк"-ны үйл ажиллагааг дундаж давхрагыг дэмжиж хүртээмжтэй үйлчилгээ хэрэгжүүлэх тогтолцоотой болгох талаар хуралджээ.

Төрийн банкийг цаашид дундаж давхаргыг дэмжигч, бойжуулагч, санхүүгийн хөнгөлөлттэй, хүртээмжтэй үйлчилгээг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх банк болгох тухай

Улаанбаатар хот болон бүх аймаг, сумдад нийт 494 салбар нэгжтэй, зах зээлд нийгмийн дундаж давхаргыг дэмжих, тэлэхэд чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн, санхүүгийн мэдлэг, зөвлөгөөг өгөх, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх боломжит дэд бүтэц бүхий Төрийн банкийг цаашид дундаж давхаргыг дэмжигч, бойжуулагч, санхүүгийн хөнгөлөлттэй, хүртээмжтэй үйлчилгээг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх банк болгохоор хэлэлцлээ.

Улсын Их Хурлаас баталсан “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдэд орчин үеийн санхүүжилтийн хэлбэрүүдийг нэвтрүүлж, жижиг дунд бизнес эрхлэгчийг төрөөс бизнес инкубацын үйлчилгээгээр бойжуулж, томруулах бодлого хэрэгжүүлэх талаар, мөн “Алсын хараа 2050 – Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-д дундаж давхаргыг тэлэхэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээ үзүүлж, эрсдэлээс хамгаалах талаар тус тус тусгагдсан.

Төрийн банкны одоогийн явуулж байгаа үйл ажиллагаа, зах зээлд нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, стратеги төлөвлөгөө нь дундаж давхарга руу чиглэсэн байгаа хэдий ч цаашид дунджаас доогуур орлоготой иргэдийг бойжуулах, дундаж давхаргын иргэдийг дэмжих зээл, хадгаламжийн болон төлбөр тооцооны бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, санхүүгийн зөвлөгөө, мэдлэг олгох чиглэлээр нэмэлт арга хэмжээ авч, банкны дүрэмд өөрчлөлт оруулснаар дундаж давхаргыг бодитоор дэмжих, бойжуулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Хөгжлийн банкны үйл ажиллагааг шинэчлэн өөрчилж, ЭКСИМ банкны үүргийг хэрэгжүүлэх тухай

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасанчлан Монгол Улсын Хөгжлийн банк нь тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр анхаарч ажиллана.

Улмаар гадаад худалдааны санхүүжилтийн үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлснээр экспорт, импортын харилцаан дахь мөнгөний урсгалыг дэмжиж, дутагдлыг нөхөх боломжийг бий болгох төдийгүй аккредитив, импортын зээл, факторинг, форфейт, гадаад баталгаа, нэхэмжлэлийн хөнгөлөлт зэрэг худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүнүүдийг санал болгоно.

Эксим банкны үүргийг хэрэгжүүлж Хөгжлийн банкны шинэчлэлийг хийснээр төслийг цогцоор шийдвэрлэж, төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран төслийг бойжуулах, Олон улсын Эксим банкуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна экспортын шинэ бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх юм.

Эх сурвалж: Сангийн яам

Засгийн газрын туршилтаар 1000 орчим хүн халдварлажээ
Засгийн газрын туршилтаар 1000 орчим хүн халдварлажээ
 
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.