/2021.08.26/ “Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл"-ын ажил ирэх оны гуравдугаар сарын 15-ны дотор эхлэхээр болжээ.
Тус төслийг Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа аж.
2019 оны тавдугаар сард тус төслийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг хэсгийг байгуулсан юм.
Үүний хүрээнд тухайн оны наймдугаар сард тендерийн сонгон шалгаруулалтыг Зорчигч үйлчилгээний барилга байгууламж /Багц-1/, Аэродромын барилга /Багц-2/ гэж хоёр сонгон шалгаруулалт зарласан.
“Багц-1”-ийн хүрээнд барилгын тендер шалгаруулалт 4 удаа зарлагдсан боловч шаардлагад нийцсэн оролцогч шалгараагүй байна. Мөн тендерт оролцогчоос гомдол гарсан зэрэг шалтгаанаар одоо хүртэл гүйцэтгэгч шалгараагүй байгаа ажээ. Тиймээс Зам тээврийн хөгжлийн сайд ирэх оны гуравдугаар сарын 15-ны дотор ажил эхлүүлэхийг үүрэг болголоо.
Харин Багц-2-ийн ажил өнөөдрийн байдлаар 65 хувьтай байгаа ажээ. Барилгын ажлын гүйцэтгэгч “Даблью Экс Пи” ХХК-ийн гэрээний хугацаа энэ оны зургаадугаар сард дуусах байсан ч “ковид-19”-ын улмаас саатаж хугацаа алджээ. Тиймээс ажлаа дуусгахыг үүрэг болголоо.