КАТАР2022: ДАШТ-н үеэр ашиглагдах ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИУД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

КАТАР2022: ДАШТ-н үеэр ашиглагдах ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИУД

/2022.11.20/ Катарт зохиогдож буй энэ удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маш олон зүйлээрээ анхдагч болж байна. Тухайлбал, анх удаа Ойрхи Дорнодын бүс нутагт, мөн анх удаа хүйтний улиралд зохиогдож байгаагаас гадна үзэгчид нэг өдөртөө багтаад 3 өөр тоглолт үзэх боломжтой анхны дэлхийн аваргын тэмцээн юм. Учир нь Катар улс ДАШТ-г нутагтаа зохиож буй хамгийн жижиг улс учир хөгжөөн дэмжигчид нэг хотоос нөгөө хот руу богино хугацаанд яваад оччих боломжтой юм. Мөн технологийн талаас нь харвал энэ удаагийн ДАШТ олон тооны шинэ технологийг анх хэрэглэсэн тэмцээн болох нь ээ.

Robo-Ref / РОБОТ ШҮҮГЧ НАР АЖИЛЛАНА

Хөлбөмбөгийн үзэгчид, дэмжигчдийн хувьд энэ дэлхийн аваргын тэмцээний нэг том дэвшил нь өндөр технологийн шинэ бөмбөг. Уг бөмбөг нь VAR буюу видеоны тусламжтай шүүлтийн дэвшилтэт хувилбар болох ФИФА-с нэвтрүүлж буй Хагас Автомат Оффсайд Технологи (SAOT) агуулсан байх юм.

Аль Рихла (араб хэлээр “Аян зам” гэсэн утгатай) нэртэй шинэ бөмбөг нь гол хэсэгтээ хөдөлгөөн мэдэрч, өөрийнхөө байршлыг нэг секундэд 500 удаа дамжуулах мэдрэгч суулгасан Adidas Suspension System-ийн шинэ бүтээл ажээ. Тэмцээн явагдах цэнгэлдэх хүрээлэн бүр бөмбөгний байршил болон тоглогчдын биеийн 29 цэгийг тасралтгүй хянах 12 камераар тоноглогдсон ба энэ камерын цуглуулсан өгөгдлийг хиймэл оюун ухаан тухайн мөчид нь тогтмол боловсруулна.

Зогсолтгүй ажиллах эдгээр “робот шүүгч” нар тоглолтын явцад отон тоглолт гарвал VAR хариуцсан шүүгчид даруй дохио өгөх ажээ. Хяналтын өрөөнд байрлах албаны хүмүүс дохиог шалган баталгаажуулснаар талбай дээрх шүүгч цаашид хэрхэхийг шийдэх юм байна.

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) нь энэ SAOT технологийг FIFA Arab Cup 2021 болон FIFA 2021 Клубүүдийн дэлхийн аваргын тэмцээний үеэр амжилттай туршиж, отон тоглолттой холбоотой шийдвэрүүдийг цаг алдалгүй, мөн өндөр нарийвчлалтай гаргаж байсан гэж мэдэгджээ.

Бөмбөг доторх мэдрэгч болон хяналтын камеруудын цуглуулсан өгөгдлийг систем хөдөлгөөнт дүрс болгон хувиргаж, цэнгэлдэх хүрээлэн болон шууд дамжуулалтын дэлгэцүүд рүү давталт болгон гаргах юм.

ЦЭНГЭЛДЭХИЙГ СЭРҮҮЦҮҮЛНЭ

Энэ удаагийн ДАШТ хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон цэнгэлдэх хүрээлэнгүүдэд явагдах нь. Катарын зуны халуунаас зайлсхийхийн тулд FIFA энэ удаагийн ДАШТ-г 11, 12-р сарууд руу шилжүүлсэн.

Гэсэн хэдий ч агаарын температур дунджаар 24-26 хэм байхаар байгаа нь тоглогчид болон үзэгчдийн хувьд багагүй асуудал үүсгэж магадгүй. Тиймээс Катарчууд цэнгэлдэх хүрээлэнгүүдээ +18 хэмээс хэтрүүлэхгүй сэрүүцүүлэх арга бодож олжээ.

Катарын их сургуулийн инженерингийн коллежийн профессор Сауд Абдулазиз Абдул Гани энгийн суудлын автомашинд хэрэглэдэг эйр кондишний ажиллагаанаас санаа авч, доктор Сауд дулаан тусгаарлалт болон “чиглэсэн сэрүүцүүлэлт”-ийн хослол зохион бүтээжээ.

Үзэгчдийн суудал хэсэгт байрласан агааржуулалтын тор болон ногоон талбайд байрлуулсан том нээлхийг ашиглан хүйтэн агаараар үлээлгэж, халуун агаарыг буцааж сорон, сэрүүцүүлж, шүүгээд, цэнгэлдэх рүү буцаан нийлүүлэх юм.

Тэмцээн явагдах цэнгэлдэх хүрээлэнгүүдээс ганц Khalifa International Stadium л урьд нь баригдсан байсан бөгөөд 2017 онд шинэчлэл хийж дуусгахдаа доктор Саудын шинэ технологийг суурилуулж байв. Харин бусад 7 цэнгэлдэх хүрээлэнг саяхан цоо шинээр барьсан учир доктор Сауд өөрийн лабораторидоо цэнгэлдэх бүрийн хэмжээ, хэлбэр, загварт тохирсон 3 хэмжээст загварчлал бүтээж, сэрүүцүүлэх системийг зохион бүтээжээ.

УГСАРЧ, ЗАДАРДАГ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН


80 мянган хүний суудалтай Lusail цэнгэлдэх нь 2022 оны дэлхийн аваргын тэмцээний төдийгүй Катарын хамгийн том цэнгэлдэх бөгөөд энэ ДАШТ-н нүүр царай болж, аваргын төлөөх тоглолтыг хүлээн авахаар болоод байгаа юм. Харин Доха хотын аж үйлдвэрийн бүс Рас Абу Абудад баригдсан “974” нэртэй цэнгэлдэх нь энэ удаагийн тэмцээний хамгийн инновацилаг цэнгэлдэх хүрээлэн болох нь маргаангүй байна.

Тухайн дүүргийн оршин суугчдад төвөг удахгүйн тулд зохион байгуулагчид цэнгэлдэх хүрээлэнгүүдээ аль болох модуляр байдлаар төлөвлөжээ. 974 нэртэй цэнгэлдэх хүрээлэн бол ДАШТ-н түүхэн дэх анхны бүрэн задалж, угсардаг цэнгэлдэх юм. LEGO тоглоомноос санаа авч бүтээсэн энэ цэнгэлдэхийг үзэгчдийн суудал, угаалгын өрөө болон бусад барилгын элементүүдийг шингээн өөрчилсөн ачаа тээврийн чингэлэг ашиглан барьжээ.

Тэмцээний хүрээнд нийт 7 тоглолт хүлээн авсны дараа энэхүү цэнгэлдэхийг хэдхэн цагийн дотор задалж, өөр газар шилжүүлэн барих боломжтой. Цэнгэлдэхийг барихад нийт 974 ширхэг чингэлэг ашигласан тул ийнхүү нэрийдсэн бөгөөд Катарын олон улсын утасны ярианы код нь мөн +974 байдаг ажээ.

FIFA-ийн зүгээс энэ алхмыг цэнгэлдэх хүрээлэнгийн дизайныг инноваци болон байгаль орчинд ээлтэй байлгах чиглэлээр хийсэн томоохон дэвшил гэж үзэж байна. ДАШТ-н нэрийн хуудас болсон Lusail цэнгэлдэх хүрээлэнгийн суурин дээр удахгүй Lusail City нэртэй цоо шинэ хот босох бөгөөд цэнгэлдэх хүрээлэнд ашигласан бүх л дэд бүтцийг шинээр баригдах хотын сургууль, кафе, дэлгүүр, спорт заалнууд болон эмнэлгүүдэд ашиглах учиртай юм.

ХӨЛБӨМБӨГЧДӨД ЗОРИУЛСАН FIFA АППЛИКЭЙШН

Катарт зохиогдох ДАШТ-д оролцож буй бүх тамирчин FIFA Player App нэртэй аппликэйшнээс өөрсдийн талбай дээр үзүүлсэн тоглолтын бүх үзүүлэлт, статистикийг татан авах боломжтой болов.

FIFA-ийн ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Vision 2020-2023 санаачилгын хүрээнд технологийн дэвшлийг хөлбөмбөгт түлхүү ашиглах зорилгоор энэ аппликэйшнийг бүтээжээ.

FIFPRO буюу дэлхийн мэргэжлийн хөлбөмбөгчдийн байгууллагын тусламжтайгаар мэргэжлийн тоглогчдын бүх үзүүлэлтийг нэгдсэн аппликэйшнд оруулсан ба анх удаа энэ дэлхийн аваргаар олны хүртээл болгон ашиглах гэж байна.

Тоглолт бүрийн дараа хөлбөмбөгчид аппликэйшнд орох өөрийн тоглолтын бүх үзүүлэлт, гүйцэтгэлээ дэлгэрэнгүй байдлаар хүлээн авах боломжтой.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮС ЗОРИУЛСАН
Bonocle ба Feelix Palm ТЕХНОЛОГИ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжит байдал нь аль ч арга хэмжээ зохион байгуулж буй хүмүүсийн зайлшгүй бодолцох ёстой асуудал бөгөөд ДАШТ ч үүнд хамаарна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг илүү хүртээмжтэй байлгахын тулд зохион байгуулагчид анхны Брайль энтертайнмент платформ болох Bonocle-ийг ашиглахаар болжээ. Энэ платформын тусламжтайгаар харааны бэрхшээлтэй иргэд цахим орчин дахь контентуудтай танилцах боломжтой болно. Bonocle нь болж буй явдал, зураглалыг Брайль хэл рүү хөрвүүлэх технологийн боломжтой бөгөөд харааны бэрхшээлтэй иргэд энгийн үзэгчдийн нэгэн адилаар Катар 2022 ДАШТ-ийн үйл явцыг шууд сонирхож болно гэсэн үг.

Мөн үүнтэй төстэй нэг дэвшилтэт технологийг энэ удаагийн ДАШТ-н үеэр ашиглах болсон нь Feelix Palm бөгөөд Bonocle-оос ялгаатай нь суурин төхөөрөмж ашиглахгүйгээр гарын алганд Брайль хэлтэй төстэй дохиогоор мэдээллийг дамжуулах тул харааны бэрхшээлтэй иргэд ямар нэгэн орон зайн хязгаарлалтгүйгээр Дэлхийн аваргын тэмцээнийг сонирхох боломжтой болох нь.

Эх сурвалж: https://wired.me/technology/all-the-technology-in-qatars-fifa-world-cup-2022/,

https://www.itp.net/emergent-tech/five-most-innovative-tech-at-the-fifa-world-cup-in-qatar

Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн хуралдаан боллоо
Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн хуралдаан боллоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.