/2022.11.18/: Бакалаврын болон магистрын хөтөлбөрт суралцаж буй их, дээд сургуулийн оюутнуудыг “ИКАО-2022 Инновацийн тэмцээн”-д оролцохыг Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага /ИКАО/ урьж байна.
Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага /ИКАО/ нь 2050 он гэхэд Хүлэмжийн хийг тэг түвшинд хүргэх зорилгынхоо хүрээнд нисэхийн экосистемийг уян хатан болгоход хувь нэмэрээ оруулах үүднээс шинэ шийдэл, шинэлэг санаа, үзэл баримтлалаа хуваалцахыг хүссэн оюутнуудыг дээрх тэмцээнд оролцохыг уриалж байна.
Тэмцээнд оролцогчид нь ИКАО-ын стратеги зорилтууд, Нисэхийн аюулгүй ажиллагаа, Агаарын навигацийн хүчин чадал ба үр ашиг, Нисэхийн аюулгүй байдал ба хялбаршуулалт, Агаарын тээврийн эдийн засгийн хөгжил болон Байгаль орчныг хамгаалах чиглэлүүдийн аль нэгийг сонгон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд, ялангуяа аж үйлдвэр, инноваци, дэд бүтцийн зарим эсвэл бүгдийг нь дэмжсэн шинэ шийдэл, үйлчилгээний шинэлэг үзэл баримтлал, арга хэрэгсэл, арга барилыг бий болгох талаар хувь хүн эсвэл 5 хүртэл хүнтэй багаараа оролцох боломжтой.
Тэмцээнд оролцогчид нь өөрийн үзэл баримтлалаа зураг болон видео бичлэгийг хослуулан хийх эсвэл 2000 үгтэй эссэ бичиж, дүгнэлтээ 5 слайдаар бэлтгэх хэлбэрээр оролцох бөгөөд 2023 оны есдүгээр сарын 30 хүртэл [email protected] хаягаар илгээх боломжтой.
Тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд ICAO-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Зөвлөлийн Ерөнхийлөгч болон нисэхийн салбарын өндөр түвшний төлөөлөгчид оролцоно.
“ИКАО- 2022 инновацийн тэмцээн”-д түрүүлсэн баг болон хувь хүний шагналыг виртуал болон биечлэн гардуулах боломжийг олгоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.