/2022.11.16/ Удаан хугацааны турш яригдаж, хүлээлт үүсгээд байсан Тоёота Приус машины шинэ загварыг дөнгөж сая танилцууллаа.
ШУУД хүлээж авах:
Приус загварын автомашин нь 1997 онд анх үйлдвэрлэгдсэнээс хойш өдгөө 5 дугаар үеийн шинэ загвар нь мэндэлж буй энэ юм. Шинэ Приус нь өмнөх загваруудын суурин дээр үйлдвэрлэгдсэн ч цоо шинэ кузовын дизайнтай болсон ба Тоёота компанийн нэрийн хуудас болсон үнэтэй загваруудад ашигладаг технологиудыг өөртөө шингээж, илүү хүчтэй, хэмнэлттэй хосолмол хөдөлгүүртэй болжээ.
Одоогоор тус загварыг зөвхөн Япон болон АНУ-ын зах зээлд зориулан гаргаж байгаа юм байна.
Компанийн хэмжээнд борлуулалтаараа тэргүүлдэг Королла болон Камри Хайбрид загваруудаас ялгаруулахын тулд шинэ Приус машиныг илүү хэмнэлттэй хосолмол хөдөлгүүрээр тоногложээ.
Тухайлбал, олон улсад зарагдах хамгийн энгийн загвар нь 1,8 литрийн багтаамжтай, 4 цилиндртэй бензин хөдөлгүүр дээр цахилгаан хөдөлгүүр нэмэгдээд 103кВт чадал гаргахаар байгаа нь 2023 оны Королла хайбрид загвартай хүчин чадал ижил болсны дээр хүч дамжуулах анги нь мөн Королла загвартай ижил болсон аж.
Тоёота компани Приус автоамшины шинэ загварын шатахууны зарцуулалтын талаар мэдээлэл өгөөгүй хэдий ч, Тоёота компанийн глобал дизайны албаны дарга Саймон Хамфрис танилцуулга шууд бичлэгийн үеэр үзэгчдэд хандан, энэ загвар нь өөрийн ангилалдаа шатахууны хамгийн өндөр хэмнэлттэй машин болж чадсан гэжээ.
Эхний ээлжинд худалдаанд гарах хувилбар нь 2,0 литрийн багтаамжтай бензин цахилгаан хосолмол хөдөлгүүртэй буюу 144кВт чадалтай байх бөгөөд энэ нь Тоёота компанийн Королла Кросс нэртэй бага оврын жийп ангиллын автомашинд мөн суурилагдсан хөдөлгүүр юм. Япон дахь эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 1,8л болон 2,0л хөдөлгүүртэй загварууд аль аль нь урд 2 дугуй болон 4 дугуйн хөтлөгчийн сонголттой байх юм.
Энэ жил танилцуулагдсан 2,0 литрийн багтаамжтай хөдөлгүүр нь Приус загварын түүхэн дэх хамгийн өндөр хүчин чадалтай хөдөлгүүр бөгөөд 0-100 км/ц хурдыг 7,5 секундэд авч чаддаг гэхээр мөн хамгийн хурдан Приус загвар хэмээн цоллогдох нь тодорхой болж байна.
Приус загварын эгнээнд шинээр нэмэгдэж буй нэг шинэ хувилбар нь 2,0 литр бензин хөдөлгүүр болон 2 цахилгаан хөдөлгүүртэй, 4 дугуйн хөтлөгчтэй, 13.6 кВт/ц багтаамжтай батарейтэй, 164 кВт хүчин чадалтай загвар бөгөөд энэ загварын онцлог нь цахилгаанд холбож цэнэглэх боломжтой байх гэнэ.
Энэ загвар нь 0-100 км/ц хүртэлх хурдыг 6,7 секундэд авч байгаа нь хэдхэн жилийн өмнөх спорт загварын автомашинуудын гаргадаг байсан үзүүлэлт юм. Тухайлбал, Toyota GR86 Спорт купе загварын автомашины 0-100 км/ц хүртэлх хурд авах хугацаанаас хэдхэн бутархай секундээр илүү болсон гэсэн үг.
Мөн дан цахилгаан хөдөлгүүрээр туулах боломжит зайг 50 хувиар нэмэгдүүлж, 100 км болгосон гэж Япон дахь үйлдвэрийн туршилтын дараа мэдэгдсэн байна.
Тогонд залгаж цэнэглэдэг хувилбарын цахилгаан хөдөлгүүрийн батарейг автомашины шалан доор биш хойд суудлуудын доор суурилуулж өгснөөр зорчигч, жолоочийн хөл тавих зай нэмэгдэж, автомашины хүндийн төвийг сайжруулсан шинэчлэлт болж чадсан гэж Тоёота компанийн мэргэжилтнүүд үзэж байна.
Мөн шинэ загварын Приусын загвар дизайнд 5 хаалгатай Королла загвар, Королла Кросс бага оврын жийп болон бусад Тоёота компанийн загваруудын элементүүдийг шингээж өгсөн гэдгээрээ онцлог юм.
Хэмжээний хувьд 4524 мм урт, 1782мм өргөн, 1420мм өндөр, тэнхлэг хоорондоо 2750 мм зайтай болсон бөгөөд өмнөх загвараас 46мм-р богиносч, 22мм өргөсч, 50мм-р намссан гэжээ.
Ерөнхий хэлбэр нь 2016 онд гарч байсан загвартай харьцуулахад илүү орчин үеийн хэв шинжтэй болж, 5 хаалгатай hatchback машинтай илүү дөхүү хэлбэртэй, ямар нэг товгоргүй гөлгөр их бие, аэродинамик сайтай урд салхины шилтэй болсон байна.
Урд их гэрлүүд нь бүрэн LED болсон нь Тоёота компанийн BZ загварын цахилгаан машинтай төстэй болж, машины арын өргөнийг бүхэлд нь хамарсан LED арын гэрэлтэй болсны дээр одоогийн загварын дугуйнаас обуд нь 2 инчээр нэмэгдэж, 19 хүртэлх инчийн хэмжээтэй обуд тавьжээ.
Шинэ Приусын дотоод нүүрэн хэсгийг 12,3 инчийн хэмжээтэй, мэдрэгчтэй дэлгэцээр тоноглон, Apple CarPlay ба Android Auto зэрэг программ хангамж, утасгүй сүлжээгээр шинэчлэгдэх хиймэл дагуулын навигаци суулгаж өгснөөр удирдлагын хэсэг нь Тоёота компанийн үнэ цэнтэй загваруудтай ижил түвшинд очиж байна гэсэн үг.
Жолооны хүрдийг голлуулан суурилуулсан хянах самбар нь 7,0 инчийн хэмжээтэй, тоон технологийн дэлгэц байгаа нь BZ4X цахилгаан хөдөлгүүрт жийпэнд суурилуулсантай ижил хянах самбар юм.
Хэрэглэгчдийн худалдан авах чадвараас хамааруулан нийлэг болон савхин бүрээстэй суудал санал болгох ба илүү үнэтэй хувилбаруудад спорт суудал суурилуулж, урд суудлын дунд байсан дотоод эд ангиудын удирдлагыг нүүрний самбарын хэсэг рүү шилжүүлж өгсөн байна.
Борлуулах хувилбаруудаасаа хамаараад, халуун, хүйтэн бүсийн нэмэлт тохиргоо, халдаг болон агааржуулалттай суудал, орчиноо мэдэрдэг гэрэлтүүлгийн тохиргоо, USB-C оролтууд, зогсоолын цахилгаан тоормоз, өргөн sunroof буюу нээлхий (люк) зэрэг тоноглолууд суурилагдсанаас гадна тогонд залгаж цэнэглэдэг загварын дээвэр хэсгийг нарны хавтангаар бүрсэн ажээ.
Аюулгүй байдлын хувьд Тоёота компанийн бүх л дэвшилтэт технологиудыг өөртөө агуулсан байх ба AEB буюу саад мэдэрч автоматаар зогсох тоормозны систем, сайжруулсан хурд баригч, цагаан шугам мэдрэгч, сохор бүсийн хяналт, машины араар хийгдэх хөдөлгөөн мэдрэгч зэрэг тоноглолууд анх удаа Приус загварт нэмэгдэж байна.
Мөн зарим загваруудад автоматаар зогсоолд орж парклах, үйлдвэрийн хар хайрцаг буюу хяналтын камер, дижитал голын толь суурилуулж байгаагаас гадна машин дотроо цахилгааны розетка суулгаж өгснөөр хэрэглэгч машин дотроо цахилгаан хэрэгслүүдээ залгаж цэнэглэх боломж бүрдэх юм.
2023 Приус загварын хосолмол хөдөлгүүртэй хувилбар нь энэ оны сүүлч гэхэд Япон дахь борлуулагчид дээр хүргэгдэн ирэх бол тогонд залгадаг хувилбар нь ирэх оны дундуур худалдаанд гарах төлөвлөгөөтэй байна.
Тоёота компанийн Австрали дахь төлөөлөгчийн газраас хийсэн мэдэгдэлд “Шинэ загварыг одоогоор Австралийн зах зээлд авчирч борлуулахаар төлөвлөөгүй байна” гэсэн ажээ.