/2022.11.16/: Хятадын өмнөд хэсгийн үйлдвэрлэлийн төв болох Гуанжоу хотын оршин суугчид орон нутгийн хатуу чанга захирамжийг үл тоон гудамжинд гарч, хориглосон хаалт, хашлагануудыг нурааж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тарж эхэллээ.
Тус бичлэгт 11 дүгээр сарын 5-наас хойш Ковид-ын дэгдэлтийн голомт болсон тус хотын Хайжу дүүрэгт харанхуй болсны дараа олон хүн цугларч, саадуудыг давж, гудамжаар дүүрэн цугларч байгааг харуулжээ.
Жагсаалд хэдэн хүн оролцсон, хэр удаан үргэлжилсэн нь тодорхойгүй байна. Хятадын мэдээллийн цензурээс шалтгаалж энэхүү мэдээллүүд интернэтээс устгагдаж байгаа аж.
Эрх баригчдын зүгээс тэрс үзэлд хатуу хяналт тавьдаг Хятадад нэн ховор тохиолддог олон нийтийн эсэргүүцэл нь засгийн газрын Ковид-ын эсрэг хатуу бодлогод олон нийтийн уур хилэн, цөхрөл нэмэгдэж байгаагийн бас нэг шинж тэмдэг болж байна.
Гуанжоу хотод өнгөрсөн мягмар гарагт Ковидын 5,100 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлсэн бөгөөд тухайн тохиолдлуудын дийлэнх нь шинж тэмдэггүй байсан ажээ.
Эх сурвалж: CNN