Дэлхийн хүн ам долоон тэрбумыг даваад ердөө 11 жилийн дараа гэхэд найман тэрбумд хүрлээ гэж НҮБ мэдэгдлээ.
20 дугаар зууны хоёрдугаар хагаст гарсан томоохон өсөлтийн дараа хүн амын өсөлт одоо удааширч эхэлж магадгүй юм.
Ингэснээр есөн тэрбумд хүрэхийн тулд 15 жил шаардагдах бөгөөд НҮБ 2080 он хүртэл 10 тэрбумд хүрнэ гэж бодохгүй байгаа аж.
Дэлхий дээрх хүмүүсийн тоог нарийн тооцоолоход хэцүү байдаг бөгөөд НҮБ-аас хүн амын тоо нэг эсвэл хоёр жилийн дараа бодитоор гарч болзошгүйг хүлээн зөвшөөрчээ.
Өмнөх жилүүдэд НҮБ тав, зургаа, долоон тэрбум дахь хүүхдүүдийг төлөөлөх нэг нялх хүүхдүүдийг сонгодог байжээ.
1987 оны долоодугаар сард дэлхий 5 тэрбум дахь хүүхдээ өлгийдөн авахаар шийдэж байжээ.
НҮБ-ын албан тушаалтан Алекс Маршал "Бид тухайн үед 1987 онд дэлхийн хүн ам таван тэрбумыг давна гэж төсөөлж байсан" гэв. Тухайн төсөөллөө бататгахаар 1987 оны долоодугаар сарын 11-ний өдөр төрсөн хүүхдүүдээс нэг нярайг сонгон дэлхийн 5 тэрбум дахь хүүхэд хэмээн онцолжээ.
Дэлхийн таван тэрбум дахь хүүхэд 35 жилийн дараа энэ хорвоод мэндэлсэн өдрийн арга хэмжээг мартахыг оролдож байгаа гэв. Тэрээр Загреб хотод химийн инженерээр ажиллаж амьдарч, аз жаргалтай гэр бүлтэй болсон бөгөөд тэрээр ярилцлага өгөхөөс зайлсхийж байгаа аж.
Энэхүү үйл явдлаас хойш манай дэлхийд гурван тэрбум хүн нэмэгдлээ. Гэвч дараагийн 35 жилд ердөө хоёр тэрбумаар өсөх магадлалтай байна.
Бангладешийн Дака хотод гэр бүлийн хамт амьдардаг Садиа Султана Ойши бол 2011 онд дэлхийн долоон тэрбум дахь хүүхэд юм.
Ойши төрснөөс хойш Бангладешийн хүн ам дахин 17 сая хүнээр нэмэгджээ.
1980 онд тус улсын дундаж эмэгтэй зургаагаас дээш хүүхэдтэй байсан бол одоо хоёр ч хүрэхгүй хүүхэд төрүүлэх болсон байна. Энэ нь тус улс боловсролд ихээхэн анхаарал хандуулсны ач тус юм. Эмэгтэйчүүд боловсролтой болох тусам цомхон гэр бүлтэй болохыг сонгодог болжээ.
Энэ нь дэлхийн хүн ам цаашлаад хэрхэн өсөх талаар төсөөлөхөд дөхөм болох ойлголт юм.
Эх сурвалж: BBC