/2022.11.14/: Сүүлийн сар хүрэхгүйн хугацаанд технологийн аварга компаниуд ажлын байраа хэдэн мянгаар цомхотгосон маш таагүй үйл явдлууд болж өрнөлөө.
Энэ долоо хоногт л гэхэд Meta болон Salesforce компаниуд Stripe, Snap, Oracle, Netflix-ийн араас энэхүү цомхотголын давалгаанд нэгдэв.
Эдгээр компаниуд бүгд өөр өөр салбар чиглэлд үйл ажиллагаа явуулдаг хэдий ч, тэдэнд нэг нийтлэг зүйл байгаа юм. Цартахлын үеийн хөл хорионоос үүдэн дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт үлэмж өссөнтэй холбоотойгоор дээрх компаниудын ашиг орлого, үйл ажиллагааны цар хүрээ тэлсэн ч, цартахлын дараах үеийн хэвийн нөхцөл байдал эргэн ирж, зээлийн хүү нэмэгдэж, инфляци өссөнөөр тэд бүгд хүнд байдалд оржээ.
Meta компанийн 11000 ажиллагсдад ажлаас халж буй тухайгаа мэдэгдсэн цахим захидалдаа Марк Цукерберг “2020 оны эхээр COVID19 эхэлж, хэрэглэгчид онлайн орчин руу шилжиж, цахим худалдааны үйл ажиллагаа огцом нэмэгдсэнээр компаниудын ашиг орлого ч дагаад нэмэгдсэн. Энэ таатай нөхцөл байдал цар тахал дарагдсаны дараа ч нэг хэсэгтээ үргэлжилнэ гэж маш олон хүн таамаглаж байлаа. Би ч мөн тийм бодолтой байсан тул шинэ санал санаачлагад нэмж хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргасан. Харамсалтай нь бодит байдал бидний төсөөлснөөс өөрөөр эргэлээ” гэж бичжээ.
Мэдээж ганц Цукербергээр тогтохгүй, технологийн салбарын бүх л лидерүүд алдаатай таамаглал, шийдвэр гаргаснаа сүүлийн үед хүлээн зөвшөөрч байгаа юм. Stripe компанийн үүсгэн байгуулагчид болох Патрик болон Жон Коллисон нар 1000 гаруй ажилтнаа халж, компанийн нийт хүний нөөцийг 14%-иар танах болсон тухайгаа мэдэгдэхдээ “бодит байдалд нийцэхээргүй олон хүнийг ажилд авсан” буруугаа хүлээсэн байна.
Өрнөж буй энэхүү үйл явц ажиглахад, өнөө цагийн хамгийн ухаалаг гэж тооцогдох, уул овоо шиг их мэдээлэл, өгөгдөл цуглуулсан технологийн топ компанийн лидерүүд яагаад нөхцөл байдлыг буруу уншиж, алдаатай таамаглал хийв гэсэн асуулт тавихад хүрч байна.
Гэхдээ 2020 оны эхэн үеийг одоотой харьцуулахад тэдний таамаглал тийм ч алдаатай байгаагүй юм шиг. Цар тахал эхэлж байх үед зарим компаниуд зардал хэмнэх зорилгоор шинээр ажилтан авахаа зогсоож, цомхотгол хийж байсан бөгөөд тэд үүнийгээ цар тахалтай холбоотой хямрал нүүрлэж, эдийн засгийн өсөлт удааширч магадгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна гэж мэдэгдэж байсныг зарим уншигчид санаж байж магадгүй.
Тухайлбал, Sequoia хөрөнгө оруулалтын компанийн тайланд “Вирусыг дарж, бүх зүйл хэвийн байдалдаа орох хүртэл нилээн хугацаа орох магадлалтай. Энэ тодорхойгүй байдал хэдэн улирал ч улирал үргэлжилж магад. Дэлхийн эдийн засаг эргэн хөл дээрээ босох хүртэл бүр ч их хугацаа зарцуулж, зарим газар эрэлт суларч, зарим газар нийлүүлэлтийн асуудал үүсэх байх” гэсэн таамаг дэвшүүлж, гарааны бизнесүүдийн хувьд хатуу ширүүн жил болох гэж буйг анхааруулж байлаа.
Гэвч тэдний таамагласны эсрэгээр хүмүүс онлайн худалдан авалтанд илүү их цаг зарцуулж, YouTube, TikTok дээр видео ихээр үзэцгээж, “Roblox” болон “Among Us“ тоглож, технологийн салбарын орлого үлэмж нэмэгдэж эхэлсэн билээ. Гарааны бизнесүүд том том дүнтэй хөрөнгө оруулалт татаж, технологийн том компаниудын ч хувьцааны үнэ өсч байв. Хүмүүс гэрээсээ ажиллах болсноор боломжийн үзүүлэлттэй суурин компьютерийн эрэлт дахин нэмэгдэж, уналтанд ороод байсан энэ төрлийн үйлдвэрлэлд хүртэл итгэл найдварын гэрэл гэгээ үзэгдэж эхэлсэн юм.
Маш богино хугацаанд болж өрнөсөн энэхүү өөрчлөлт нь зарим бизнесүүдийн хувьд зоригтойхон хөдлөх хоёр дахь боломж, томоохон амбицтай үйл ажиллагаа эхлүүлэх ташуур болсон байхыг үгүйсгэхгүй. Зээлийн хүү ч бага байж, компаниудын үнэлгээ ч муугүй байсан дээр нэмээд хүмүүс зайнаас ажиллах болсноор зарим компаниудын хувьд урьд өмнө нь хаалттай байсан мэргэжлийн боловсон хүчний томоохон зах зээл үүд хаалгаа нээсэн нь технологийн салбарынханд ялангуяа дахин давтагдашгүй түүхэн үйл явдал байсан байж мэдэх юм. Ямар сайндаа л Oracle-ийн Ларри Эллисон хүртэл видео зөвлөгөөний Zoom платформыг тэнгэрт тултал магтаж, “цартахлын үеийн үнэнч анд”, “хөдөлмөрийн зах зээлийг эгнэгт өөрчлөх хүч” гэж байхав.
Гэвч энэ сайхан цаг үе нэг их удаан үргэлжлэхгүй гэдэг нь удалгүй мэдэгдэж эхэлсэн юм. Нэг жилийн өмнө л гэхэд Zoom компанийн өсөлт нь Wall Street-ийн таамаглалаас хавьгүй доогуур гарсан нь вакцины хүртээмж нэмэгдэж, эдийн засгийн урсгал хуучин хэвэндээ шилжиж, технологийн салбарын хараат байдлаас бага багаар гарч байгаагийн эхний дохио байв. Мөн 2021 оны зун гэхэд цар тахлын хөл хорио суларснаар залуус гэртээ компьютер дээр биш гадаа гудамжинд цагийг өнгөрөөх нь ихэссэн тул Roblox-ийн үйл ажиллагааны ашиг буурч эхэлсэн тухай мэдэгдэл гарсан нь ойрын ирээдүйг зөгнөсөн дараагийн дохио байлаа. Технологи хүмүүсийн амьдралын салшгүй хэсэг хэвээрээ байсан ч нэг жилийн өмнөх шиг бүх л орчлон ертөнцийн төв байхаа аль хэдийн больж эхэлсэн нь энэ байжээ.
Ингээд бодохоор тухайн нөхцөл байдалд Марк Цукерберг тэргүүтэй лидерүүд цартахалтай холбоотойгоор дэлхий нийтийн амьдрал тэр чигээрээ эргэлт буцалтгүй өөрчлөгдлөө гэж андуурсан нь бас ч гэж аргагүй юм шиг. Гэхдээ л бүх зүйл мөнх бус, ямар ч юманд өөрийн цаг хугацаа байдаг гэдгийг та бид бүгд мэддэг, тэд ч мэдэж байсан. Эцэстээ тэд буруу тоон дээр бооцоогоо тавьсны үр дүн нь ийнхүү олон мянган хүний ажил амьдрал золигт гарснаар дүгнэгдэж байна. Энэ хүмүүс дунд цартахлын нөлөөгөөр ажил төрөлтэй болж авсан хэдэн зуун, магадгүй хэдэн мянган зөвшөөрөлгүй цагаач иргэд байх магадлалтай тул АНУ-аас хэд нь албадан гарахад хүрэхийг таашгүй.
Нэг зүйлийг онцлоход Марк Цукерберг болон бусад технологийн компанийн удирдлагууд өөрсдийн алдаатай шийдвэрээ хүлээн зөвшөөрсөн нь ядаж л ганц гялтайх өнцөг юм. Гэхдээ тэд сайнаар бодоход хэтэрхий гэнэдэж, муугаар бодоход ирээдүйн төлөвлөлтийн том алдаа гаргасныг яагаад ч нуух аргагүй билээ.
Эх сурвалж: businessinsider