/2022.11.14/: Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський "Мөрдөн байцаагчид Оросын армийн орхин явсан Херсон дүүрэгт 400 гаруй дайны гэмт хэргийг илрүүлсэн гэж мэдэгдлээ.
Украины эрх баригчид хөл хорио тогтоож, Херсон хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Зеленський "Херсон хотоос энгийн иргэд болон цэргүүдийн цогцос олдсон. Бид алуурчин бүрийг олж, шүүхэд өгнө" гэв.
Дайн эхэлснээс хойш Буча, Изюм, Мариуполь зэрэг бүс нутгаас олноор булш олдоод байгаа билээ. Украины тал Оросын цэргүүдийг энэ харгислалын ард байгаа хэмээн буруутгаж байгаа юм.
НҮБ-ын комисс өнгөрсөн сард Украинд дайны гэмт хэрэг үйлдэгдэж, түрэмгийллийн эхэн үед хүний эрхийн зөрчлийн “дийлэнх хувийг” Оросын арми үйлдсэн гэж мэдэгдсэн.
Херсон бол хоёрдугаар сард Украиныг түрэмгийлснээс хойш Орост эзлэгдсэн цорын ганц бүс нутгийн нийслэл байв.
Тус бүсийг бусад гурван улсын хамтаар Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сард Кремльд болсон ёслолын үеэр Оросын нэг хэсэг хэмээн тунхагласан хэдий ч Херсон хотыг баасан гарагт Украины цэргүүд чөлөөлөв.
Төрийн далбаагаа мандуулсан Украины иргэд Киевийн цэргүүдийг тэвэрч үнсэж угтаж байгаа бичлэг, зурагнууд сошиалд орчинд ихээхэн тарсан юм.
Оросын зарим цэргүүд өнгөлөн далдалсан хэвээр үлдсэн байж магадгүй гэсэн болгоомжлол байгаа бөгөөд тус хотыг эзлэгдсэн үед оросуудад тусалж байсан хүмүүст одоо эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр төлөвлөж байгаа аж.
Зеленський "Энэ нутаг дэвсгэрт үлдсэн Оросын цэргүүд болон хөлсний цэргүүдийг саатуулж, хорлон сүйтгэгчдийг саармагжуулах ажил үргэлжилж байна. Украины арми интернет болон телевизийн холболтыг сэргээхээр ажиллаж байгаа бол цахилгаан, усны хангамжийг "аль болох хурдан" засах болно" гэж тэр хэллээ.