/2022.11.09/: БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын шийдвэр, хэлэлцсэн асуудлыг танилцуулж байна.
Л.Энх-Амгалан: Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар боловсролын салбартай 2 асуудлыг авч хэлэлцлээ.
- Цэцэрлэгийн хүртээмжийг цаашдаа хэрхэн тогтвортой барих вэ?
Сугалааны цэцэрлэгийн тогтолцоог зөвхөн энэ жил халж байгаа биш цаашдаа ч сугалаагүйгээр цэцэрлэгийн бүртгэлийг явуулах болно.
Энэ жил нийт 124 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулсан. Улсын цэцэрлэгт 94 мянган хүүхэд, хувийн цэцэрлэгт 30 мянган хүүхдийг хамрууллаа.
Одоогийн байдлаар нийслэлд 752 орон сууцны цогцолбор барилга баригдаж байхад 20-хон цэцэрлэг баригдахаар төлөвлөгдсөн байна.
Улсын комисс хүлээн авсан цогцолбор барилгын цэцэрлэгийн тоо Архитектор, төлөвлөлтийн даалгаврын үеийн цэцэрлэгийн барилгын тооноос 41 хувиар бага байна.
Ийм учир Архитектор, төлөвлөлтийн даалгавар болон үе шат болгон дээр арга хэмжээ авахгүй бол хичнээн төгрөг зараад ч цэцэрлэгийн хомсдолыг арилгах боломжгүй юм байна гэсэн шийдвэрт хүрсэн.
Цаашдаа цэцэрлэгийн барилга төлөвлөөгүй орон сууцны хороолол, цогцолборын барилгын зураг төслийг батлахгүй байх баталсан, барилгын зөвшөөрөл олгосон, магадлал хийсэн, ашиглалтад хүлээн авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох арга хэмжээг зохион байгуулна.
Барилга байгууламжийн газар олгох, Архитектор, төлөвлөлтийн даалгаврыг батлахдаа заавал цэцэрлэгийн барилгын зураг төслийг заавал оруулсан байх, хэрэгжилтийг хангаж ажиллахыг шаардахаар боллоо.
- Боловсролын салбарын газрын тооллого
Монгол УЛсад 680 орчим төрийн өмчийн сургуулиуд, 500 гаруй цэцэрлэг, 20 орчим төрийн өмчийн их дээд сургуулиуд байна. Ингэхдээ 2015 оноос хойшхи газрын тооллогыг хийсэн. Энэхүү тооллогыг хийхэд нийт цэцэрлэг, сургуулийн газрын 70-80 орчим хувийг хулгайд алдсан буюу хууль бусаар хэн нэгний нэр дээр шилжүүлжээ.
Одоо байгаа нийт төрийн өмчийн сургууль, цэцэрлэгээс нийт 12 сургууль цэцэрлэгийн 2,2 га газар, 8 их дээд сургуулийн 1,8 га газар хувь хүний нэр дээр буюу сургууль цэцэрлэгүүдийн эрхлэгч, түүний эхнэр, жолоочийн нэр дээр шилжүүлснийг илрүүлсэн.
Хотод байгаа сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулиудын газруудад орон сууц бариулж тухайн барьсан орон сууцны СӨХ-ийн нэр дээр шилжүүлсэн. Орон нутагт бол аялал жуулчлалын компаниудын нэр дээр шилжүүлсэн асуудлууд илэрлээ.
Нийт сургуулийн спортын гадна талбайн 70-80 хувь нь хувь хүний нэр дээр шилжжээ.
Ийм нөхцөл байдал үүссэн учир төрийн өмчөөс иргэний болон хуулийн этгээдийн нэр дээр хууль зөрчиж, үнэ төлбөргүй газар эзэмших эрхээ шилжүүлсэн эрхийг цуцлах, газрын үнийг буцаан төлүүлэх, шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг хөрөнгийн газар дахин чөлөөлүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шийдвэр гарлаа